"Таргалалт, элэгний өөхлөлт хавдрын шалтгаан болж байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

"Таргалалт, элэгний өөхлөлт хавдрын шалтгаан болж байна"

"Таргалалт, элэгний өөхлөлт хавдрын шалтгаан болж байна"

“Нэг хүнээс найман хүний амьдрал шалтгаална” гэж  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, Анагаах ухааны магистр  Б.Бат-Ирээдүй ярилаа. Тэрбээр Монголд анх удаа цусны өөр бүлэгтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн багийн гишүүдийн нэг юм.

Б.Бат-Ирээдүй эмч Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2007 оноос хойш ажиллаж буй бөгөөд мэс засалч хэмээх хүндхэн албыг 12 жил хашиж яваа юм.  Түүнтэй ярилцлаа.


-Цусны өөр бүлэгтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх удаа Өмнөд Солонгосын Асан эмнэлгийнхэнтэй хамтран  хийлээ. Цаашид бие даан энэ төрлийн мэс заслыг хийх бүрэн боломжтой гэж өмнө нь мэдээлснээс үзвэл нөхцөл боломж нь бүрдсэн гэж ойлгож болох уу?

– Олон улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг 46 дахь орноор манай улс бүртгэгдсэн. Цусны өөр бүлгийн донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Өмнөд Солонгосын Асан төвийн эмч нартай хамтран хийсэн. Хоёр дахь удаагийн мэс заслыг бие даан хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ энэ нь бусад салбараасаа хамааралтай. Тухайлбал, цус шүүх аппаратын нэг удаагийн хэрэгсэл, дархлаа дарангуйлах бэлдмэлүүд, цусны станцын бэлэн байдал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаална. Энэ бүх нөхцөл нь бүрдвэл манай эмч нар бие даан энэ төрлийн мэс заслыг хийж болно гэсэн үг.

Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ясны чөмгийн үүдэл эс шилжүүлэн суулгах технологийн төв дэх  цусны сийвэнг шүүдэг аппаратад тулгуурласан байдаг учир цусны өөр бүлгийн донороос элэг шилжүүлэн суулгах  мэс заслыг хийх боломж бүрдсэн. Энэ төрлийн хагалгааг цусны бүлэг нь ижил элэг шилжүүлэн мэс заслын технологитой ижил хийдэг. Гагцхүү цусны бүлгийг тааруулах эмчилгээгээрээ ялгаатай. Эмчилгээний зардал бага зэрэг өндөр гардаг.  Ойролцоогоор 30 орчим сая шаардлагатай. Эмчилгээг хийхэд цусны төвд дөрөвдүгээр бүлгийн цусыг шүүж сийвэнг нь орлуулж, хүний биеийн эсрэг үйлдлийг аль болох бууруулдаг. Мэс заслын дараа цус сэлбэх, элэг ондоошиж, ховхрох гэх мэт эрсдэлүүдээс зайлсхийдэг аргыг хагалгаанаас 14 хоногийн өмнө эхэлдэг юм. Ерөнхийдөө, цус шүүх процессыг ясны чөмөг үүдэл эс суулгах төв буюу н.Оюундэлгэр ардын эмчтэй баг хамт олон хийж гүйцэтгэж байна.

Цусны өөр бүлэгтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын технологийг дэлхийн мэс засалчид хүсч хүлээн мөрөөддөг. Олимптой зүйрлэвэл  алтан медальтай  дүйцэх хагалгаа юм.

-Эмчилгээний зардал өндөр гардаг шалтгаан нь цусны хангалтаас шалтгаалдаг уу. Эмнэлгийн байгууллагаас цус, цусан төрлийн бүтээгдэхүүнд маш их зардал мөнгө зарцуулдаг гэх юм билээ?

-Монголын хүн амын цусны бүлгийг авч үзвэл II,IV бүлгийн цус их бага. Ихэвчлэн I,III бүлгийн цустай. Тэгэхээр IV бүлгийн цуснаас сийвэнг нь шүүдэг учраас хангалтын асуудал цаашид ярих шаардлагатай. Энэ удаагийн мэс засалд цусны станцын төвийнхөн чадлынхаа хэрээр л  оролцсон. Цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал  ижил бүлгийнхээс төлбөрийн хувьд зөрүүтэй. Цусны бүлэг  ижил донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд дунджаар  15 сая орчим төгрөгийн зардлыг хувь хүн гаргадаг. Мэс засалд хэрэглэгдэж буй утас, зүү, багажийн 25 хувийг иргэд төлөх ёстой. Цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засалд эмчилгээнд цусны сийвэн, цус цусан бүтээгдэхүүн хэрэглэж буй  байдлаас шалтгаалан илүү их зардал гардаг. Цус, цусан бүтээгдэхүүн нь өөрөө маш үнэтэй.

ААВ, ОХИН ХОЁРЫН БИЕ САЙЖИРЧ БАЙНА

-Энэ удаагийн мэс засалд 54 настай эрэгтэйд охиноос нь элэг шилжүүлэн суулгасан. Аавынх нь хувьд В, С, Д вирустэй, элэгний хавдартай байсныг эмчиллээ. Элэг шилжүүлэн суулгаснаар амьдрах чадвар нь хэдэн жил байх вэ. Эмч нарын зүгээс 10-15 жил гэж байгаа ч  элэгний өвчлөлтэй хүмүүсийн зүгээс үүнийг үгүйсгэж, баталгаа шаарддаг?

-Аливаа зүйлд эмч нар баталгаа өгөхгүй. Харин элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж буй үйлчлүүлэгчийн ар гэрт мэс заслын талаарх хичээлийг олон цагаар зааж, ойлгуулдаг. Мэс заслын дараах хүндрэлүүдийг ч хэлж өгдөг. Тиймээс өвчтөн болон ар гэрийнхэн нь мэдээлэлтэй болсон байдаг. Мэдээлэл аваагүй зарим хүмүүсийн тухайд гадаадад эмчлүүлсэнтэй холбоотой. Гадаадад элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж байгаа тохиолдолд мэргэжлийн орчуулагч байх ёстой атал ихэвчлэн оюутнууд л байдаг. Тэгэхээр хэлний зөрүү ойлголт, мэргэжлийн хэллэг зэрэг зөрүүтэй мэдээлэл өгдгийг үгүйсгэхгүй.

Элэгний мэс засал нь тухайн хүний амьдрах чадварыг аль болох уртасгаж, хөдөлмөрийн чадамжийг  нь сэргээх  зорилготой. Элэг шилжүүлэн суулгацын амьдрах чадвар нь эхний нэг сард 98.7 хувь, нэг жилд 94.6 хувь, гурван жилд 90.7 хувьтай байна.

Үүнийг Өмнөд Солонгос, Бразиль улстай харьцуулахад манай улсад тохиолдол нь өөр учраас үр дүн одоогоор ийм байна. Тохиолдол нь олон болох тусам цаашид хэр их эрсдэлтэй байх вэ гэдэг нь харагдана.

-Гаднын орнуудад элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор явж буй хүмүүс Монгол эмнэлгийн ачаалал, хэт их хүлээгдлээс болдог байх. Уг нь манай эмч нарын ур чадвар, эмнэлгийнх нь технологи дэлхийн жишигт нийцэх болсныг сүүлийн жилүүдэд ярих болсон?

-Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор иргэд маань гаднын орныг зорьж байгаа нь эмнэлгийн хэт их ачаалал, хүлээгдэлдээ гол нь биш юм. Донорынх нь судас, цөсний замын салаалт гэж хоёр зүйл бий. Энэ хоёроос шалтгаалан бид хурлаараа Монголд хийх боломжгүй хүнд тохиолдлуудад  гадаадад мэс засалд орох, эмчлүүлэх санал тавьдаг. Тодруулбал, тархины үхэлтэй донороос судас авч хөлдөөгөөд хадгалдаг арга бий. Үүнийг манайд одоогоор нутагшуулаагүй байгаа. Техник технологи нь Монголд байхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, элэг тайрч байхад судас дутагдвал бид үүнийг хийж чадахгүй. Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг оны өмнө хоёр удаа хийсэн. Эндээс бид судас авч ашигласан.

-Элэг, бөөр  шилжүүлэн суулгах мэс засал гэхээр иргэдийн олонх нь  Улсын нэгдүгээр төв эмнэлгээс илүү Хавдар судлалын үндэсний төвийг зорьдог. Танай эмнэлэгт ачаалал ямар байна вэ. Одоогоор мэс засалд орох хүмүүсийн хүлээгдэл хэр их байна?

-Одоогоор амьд донороос хийх мэс заслын хүлээгдэл нэлээн байна. Хүлээгдлийн хуудаст орно гэдэг нь донортой болсныхоо дараа эмч нарын хурлаар орж, донор нь боломжтой эсэхийг хэлэлцээд нэн яаралтай юу эсвэл эмчлэх үү гэдгийг хэлэлцэн шийдвэрлэдэг.

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд өөрийнхөө элгээр эцсийг нь хүртэл амьдарч, эцсийн шат хүрч байж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох нь зүйтэй гэж эмч нар үздэг. Манайхан элэгний хатууралтай гэж сонссон даруйдаа л элгээ солиулах шаардлагатай гэж ойлгоод байдаг.

Гэтэл хатууралтай элгийг олон удаагийн эмчилгээнд оруулж байж эцэст нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг. Дэлхийн чиг хандлага бол аль болох өөрийнх нь элгээр илүү амьдруулахыг үздэг. Мэс засал учраас тодорхой заалт, шалгуур хянах процесс бүгд ном дээр бичээстэй бий. Энэ дагуу л мэс заслыг хийнэ.

– Энэ удаагийн мэс засалд аавдаа донор нь болсон охины хувьд биеийн байдал нь сайжирч байгаа юу. Амьд донорын  эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмж нь хэр байдаг вэ?

– Аав охин хоёрын биеийн байдал сайжирч байгаа. Мэс заслын дараах элэгний үйл ажиллагаа жигдэрсэн учраас охиныг өчигдөр/2019.05.06/ энгийн тасаг руу шилжүүлсэн. Эрчимт эмчилгээний тасагт зургаан хоног эмчилсэн. Аавынх нь биеийн байдал тогтвортой, элэгний үйл ажиллагаа хэвийн байгаа. Ерөнхийдөө элэг шилжүүлэн суулгах мэс заслын 75 тохиолдлын 73-т амьд донор орсон. Тэдний нэгд нь мэс заслын дараа хүндрэл гарсан. Судас нь дотуур тэлэх эмчилгээг хийсэн. 72 тохиолдол нь 100 хувь эдгэрсэн.  Үлдсэн хоёр нь тархины үхэлтэй донороос мэс заслыг хийсэн. Амьд донор болсон хүмүүс зургаан сар хүнд хүчир ажил хийж болохгүй. Дараа нь эрхэлж байсан ажлаа хийж болно. Хэрэв нөхөн үржихүйн насныхан бол жирэмслэх боломжтой. Доноруудаас таван тохиолдол нь ээж болсон байгаа.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон хүмүүсийн тухайд гамыг маш сайн барих нь чухал. Гэвч эм тарианы мөнгө санхүүгийн боломжгүйгээс гам алдах тохиолдол бий юу. Хамгийн чухал нь дархлаа дарангуйлах эмийн эмчилгээ шүү дээ?

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн элэг, бөөр гэлтгүй бусад эрхтний тухайд ч аль аль нь үндсэн эмчилгээ нь дархлаа дарангуйлах эмчилгээ байдаг. Дархлаа дарангуйлах эм нь эмчилгээний техникээс шалтгаалан хоёрлосон, гурвалсан, дан гэсэн гурван төрлийн эмчилгээ хийлгэдэг. Хүндрэлийн тухайд дархлаа дарангуйлах эм дээр нэмэгдэж уух эмүүдийг хувь хүн өөрөө авах учраас Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлэх зэрэг бага зэрэг асуудал байдаг. Үүнийг бид Эрүүл мэндийн хөгжлийн төвийн элэг шилжүүлэн суулгах албаны хурал дээр эмч бүр үйлчлүүлэгчийн талаас Эрүүл мэндийн яамд хүсэлт тавьсан учраас энэ асуудал шийдэгдэх байх.

-Монголд элэгнээс гадна бөөр, нойр булчирхайны өвчлөл хүн амын дунд түгээмэл. Бөөр нь өвддөггүй монгол хүн байдаггүй гэх яриа хүртэл бий. Бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээгдсэн хэчнээн хүн байна вэ?

-Манай эмнэлэгт бөөрний эмгэгтэй гемодиализын эмчилгээнд ордог 179 хүн байна. Цусыг нь шүүж, хордлогыг нь тайлах эмчилгээнд орох хүмүүс жилээс жилд нэмэгдэж байгаа.  Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орохоор  280  хүн  хүлээгдэж байна. Амьд донороос 50 орчим хүн хүлээгдэж байгаа юм. Монголчуудын дунд бөөрний өвчлөл нэлээн түгээмэл. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь жилд хүлээгдэж байгаа эдгээр хүний тоог гүйцэхгүй.

ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОР МОНГОЛД БАЙНА. ГЭВЧ…

Тархины үхэлтэй донор гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Тархины үхэлтэй донор гэж нас барсан хүн гэж ойлгож болохгүй. Тархины үйл ажиллагаа алдагдаж бүрэн зогссон ч зүрхний үйл ажиллагаа хэвийн байхыг хэлнэ. Ийм донорыг тодорхойлохдоо, тухайн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч нар, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, тархи нь үхэжсэн байна гэдгийг баталгаажуулсан тархины цахилгаан бичлэг тодорхойлно.

-Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгахад ар гэрээс нь хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй байх. Донор хүрэлцээтэй байж чаддаг уу?

Донор нь амьд болон тархины үхэлтэй гэсэн хоёр янз. Амьд донорт  хуулиараа төрөл төрөгсөд болон ах дүү хамаатан садан багтана. Тархины үхэлтэй донор   сайн санааны үүднээс ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд олдоно. Ийм донорын бололцоо монголд байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол шашин шүтлэгээс улбаалан  тархины үхэлтэй донор олдох боломж нь бага. Гэтэл нэг хүнээс найман хүний амьдрал шалтгаална. Өөрөөр хэлбэл, нэг хүн найман хүнд амьдрал бэлэглэж болно.

Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгахад ар гэрээс нь зөвшөөрөл авна. Ар гэрийнхний зүгээс  хүлээн зөвшөөрөөгүй байхад  хориотой.  

ТАРГАЛАЛТ, ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТ, ХАВДАРЫН ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

-Элэг нь хатуурсан ч мэс засалд орно гэж ойлгож болохгүй гэж та хэлсэн. Ер нь элэг хүндэрч, эцсийн шатандаа хүрэхээр ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хүн бүрт өөр өөр шинж тэмдэг илэрнэ. Манайхны мэддэгээр гэдэс нь цардайх буюу хэвлий устах, нойр хоол солигддог. Элгээрээ бөөлжинө. Хүмүүс гол төлөв их ядарч байна гэж ярьдаг. Дараа нь нойр солигдож шөнө унтахгүй, өдөр нь нойр хүрэх, амнаас нь элэгний үнэр үнэртэнэ. Шинжилгээгээр үзэхэд элгэнд өөрчлөлт гарсан байдаг.

Элэгний өвчлөл даамжрахаар хамар болон амнаас цус шүүрч, улаан хоолойны судас тэлэх, гэдэс цардайдаг. Тиймээс элгээ хайрлаж л байвал архи уухаа боль. Элэгний өөхлөлт. Манайхан таргалалтыг өвчин гэж ойлгодоггүй. Буяны тарга, сайхан тарган байна гэх зэргээр тоодоггүй. Гэтэл энэ бол өвчин. Үүнийг маш сайн ойлгох ёстой.

-Ярилцлагын төгсгөлд асуухад яагаад эмч мэргэжлийг сонгов. Тэр тусмаа мэс заслын эмч болно гэдэг хувь хүнээс маш их ур чадвар шаардах болов уу?

-Наймдугаар ангийн сурагч байхдаа л мэс заслын эмч болно гэж шийдсэн. Өвөө маань ясны өвчин тусаад нас барж байсан учраас  л энэ мэргэжлийг сонгохоор сэтгэл шулуудаж билээ. Их дээд сургуулиа төгсөөд  2005 оноос Нэгдүгээр  эмнэлгийн мэс заслын чиглэлээр суралцаж, 2007 онд төгссөн. Азтай хувь тавилангаар 2010 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  Элэг шилжүүлэн суулгах багт орсон. Энэ хугацаанд Өмнөд Солонгосын Асан төв, Энэтхэгт туршлага судалж, гаднын эмч нартай хамтран мэс засал хийж байв.

Ер нь мэс засал гэдэг тухайн хүний амь нас минут секундээр хэмжигддэг  учраас эмнэлгийн хамгаалалтын албанаас эмнэлгийн дарга нь хүртэл бүгд  дор бүрнээ хариуцлагатай ажилладаг. Өглөө 04.00 цагт мэс засал эхлэхээр бол хамгаалалтын алба нь хаалга үүдээ нээж, эмнэлгийн аптек, сувилагч, асрагч гээд бүх хүмүүс л нэг  баг болж ажилладаг.

Мэс заслын хэсэгт эмч сувилагч мэдээгүйжүүлэлтийн эмч сувилагч асрагч гээд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, баг багаараа ажиллана. Хэвлийг нээх, судасны залгалт хийх, цөсний замыг залгалт, мэдээгүйжүүлэлт гээд тус  бүрт хариуцсан мэргэжлийн эмч нарын баг ээлж дараалалтайгаар ажиллана. Ингэж байж тухайн эмч олон цаг зогсч ядрахгүй гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж