Хотын захирагч Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Хотын захирагч Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо

Хотын захирагч Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо

Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, “Монгол кино үйлдвэр”-ийн захирал Ж.Солонго, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагчид, Монголын кино урлагийн алдартнууд, олон нийтийн төлөөлөл оролцов.

Шав тавих ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Та бид Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг тавихаар хүрэлцэн ирээд байна. Дэлхийн түүхэнд өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлдэг монголчуудын түүх, домог, соёл уламжлалын талаар кино бүтээл туурвих олон улсын уран бүтээлчдэд эх нутагт нь, амьд уламжлал соёл дотор нь бүтээлээ туурвих боломжийг энэ төсөл олгоно гэдэгт итгэлтэй байна. Аль ч улс орон өөрийн гэсэн кино урлаг, кино үйлдвэрлэлтэй байдаг. Үүгээрээ дамжуулж эх орон, түүхээ сурталчлах, залуу үедээ эх оронч сэтгэлгээ суулгах зэрэг үзэл суртлын ажлуудыг хийдэг. 1990 оноос өмнө монгол кино тодорхой байр, суурь эзэлдэг томоохон бүтэцтэй байсан. Үүнээс хойш энэ салбар хувийн уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээл дээр тогтож ирлээ. Одоо төр засаг дэмжих цаг нь болсон” хэмээв.

Майдар хотод 50 га талбайг хамарсан есөн студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффисоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолборын эхлэл тавигдаж байна. Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болох аж.

“Монгол Улсын хөгжлийн түүх, соёл урлаг, тэр дундаа кино урлагийн салбарт томоохон түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Энэ бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр бол зөвхөн кино урлагийн салбар гэлтгүй, хотжилтын үйл явцыг шинэ шатанд гаргаад зогсохгүй Монгол Улсын соёлын салбарын харилцааг олон улсын түвшинд гаргах боломж бололцоог нээхийн зэрэгцээ дэлхийн кино урлагийн байгууллагууд манай тал нутагт ирж олон сайхан уран бүтээл туурвих, харилцан үр ашигтай хамтарч ажиллах боломжийг нээж байгаагаараа онцлогтой юм. Ингээд кино урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй та бүхэнд амжилт хүсье” гэж Хотын захирагч С.Амарсайхан шав тавих ёслолд оролцогчдод хандан хэлсэн юм.

Уг цогцолборт дуу оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх боломж бүрдэнэ. Мөн зураг авалтын үед гадаад болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эдлэл хэрэгслүүдийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх аж. Тус төсөл нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын сацуу уламжлалт болон орчин үеийн дүр төрх бүхий кино зураг авалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхээс гадна жуулчдын сонирхлыг татах онцлог газрыг бий болгох зорилготой юм байна.

НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж