Тэсвэр хатуужлын спорт гэгддэг триатлоны улсын аварга шалгуулах тэмцээнийг долдугаар сарын 18-19-нд Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулахаар болжээ.
МҮОХ, Эрүүл мэнд, спортын яам, “Каннондэйл Монголиа”, “Касс таун”, “Баялаг буянт” компаниуд хамтран зохион байгуулж буй тус тэмцээн нь шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.
Энэ удаагийн УАШТ эрэгтэй элит, эмэгтэй элит, хөвгүүд, сонирхогчийн гэсэн ангиллаар явагдаж, аваргуудаа тодруулна. Тодруулбал, тэмцээний эрэгтэй элит ангилалд 10 км гүйж, 30 км дугуй жийж, 1000 м-т усанд сэлэх бол эмэгтэй элит ангилалд 10 км-т гүйж, 20 км-ийг дугуйгаар туулж, 1000 м-т сэлнэ. Харин 1998-2000 оны хооронд төрөгсөд оролцох хөвгүүдийн ангилалд 3 км-т гүйж, 10 км дугуй унаж, 300 м-т сэлэх юм байна.
Ч.БОЛ