Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэн нь үнэн хэлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

VS

Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэн нь үнэн хэлэв

Ерөнхийлөгчийн зөвлөх асан Н.Алтанхуяг энэ сарын 1-нд мэдээлэл хийж, Ардчилсан намаа С.Эрдэнээс салгаж авна, МАНАН, шударга бусын хонгилын төлөөлөл нь С.Эрдэнэ гэх зүйлийг хэлсэн бол Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "МАНАН гэдэг юмыг үүсгэн байгуулсан хүн нь Н.Алтанхуяг өөрөө" гэж няцаасан юм.

Энэ долоо хоногийн “VS” буландаа Ерөнхийлөгчийн зөвлөх асан Н.Алтанхуяг, АН-ын дарга С.Эрдэнэ нарын байр суурийг хүргэж байна.

Н.Алтанхуяг
Ерөнхийлөгчийн зөвлөх асан

Ардчилсан нам улс орны хөгжил, бодлого, ард түмний амьдрал ахуй ярихаа больсон. Энэ тухай ярихаараа 60 тэрбум, 49 хувийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. Гэхдээ үүнийг АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан нөхөд. Тэд АН-ын нэр хүнд, олон мянган гишүүний итгэл сэтгэлээр тоглож байна. 30 жилийн өмнө АН-д нэгдсэн олон мянган гишүүд ийм зүйлийг дэмжихгүй” гэдгийг хэллээ. 

АН-ын мянга, мянган гишүүд маань намын даргын сунгаанд намайг маш сайн дэмжсэн. Зургаа, долоохон мянган саналын зөрүүтэй хөдөөнөөс ирсэн саналыг  МАНАН бүлэглэл,С.Эрдэнэ, М.Энхболд нар нийлж байгаад Баянгол, Баянзүрх өөр бусад дүүрэгт луйвардсан. Би ганц тоо хэлье. Нэг дүүрэг дээр Н.Алтанхуяг дээр 300 санал бичээд С.Эрдэнэ дээр 3000 санал бичих жишээтэй. Тухайн үед нам доторх луйвар манатай улс орон даяар луйвар болж байсан цаг үе учраас дуугүй хаясан

АН-ын удирдлага АН-ыг нам биш болгож байна.

  1. МАН-ын М.Энхболдын хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх гэж оролдсон 60 тэрбумын схемыг АН-д хийж байна. Энэ бол шившиг, гутамшиг. Зөвхөн АН-ын залуучуудын холбооны даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөх үнэлгээ 15-20 сая төгрөг. Ийм нам Монголд байтугай дэлхийд байхгүй. Энэ бол манай Эрдэнийн хийдэг нийгмийн даатгалын сүлжээ болсон. Ингэж ажиллахгүй.
  2. Намаас хасдаг хөөдөг болсон. Ж.Батзандан, Л.Болд хоёр зөв байр суурь илэрхийлсэн. Тэр хоёр С.Эрдэнийн байр сууриас зөрсөн учраас намаас хөөсөн. Тэр хоёрыг хөөгөөд бүлэггүй болсон, хэнд ашигтай юм бэ.

Бид нэг С.Эрдэнэ байтугай 1990 онд Монголын нийгмийг яаж өөрчилсөн билээ. Өөрчилье, нэгдье, нийлье. Хулгайч дээрэмчдээр удирдуулж, тэдний дохио зангаагаар хөдөлдөг цаг хоцорсон. Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нар аа. Та нарт АН дэндүү томдоно шүү. АН чинь Монголын нийгмийг сэрээсэн нам. Одоо шударга ёсыг тогтоох түүчээг эхлүүлэх ёстой нам. Та хоёр энэ нам руу хуруу, хумсаа бүү дүр. С.Эрдэнэ ээ, би чамайг дэндүү сайн мэднэ дээ. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалаад юу хийлгээд байгааг нь ард түмэн ч мэддэг болж. С.Эрдэнэ ээ, чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладгаа болио. Хүн гүтгэдгээ болио. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга, чамайг зайлуулна аа.

С.Эрдэнэ
АН-ын дарга

Зөрчил гаргаад намаасаа хөөгдсөн этгээд намын удирдлагуудаа явах ёстой, зайлах ёстой гэж хэлээд асуудал шийдэгдэхгүй. АН өөрийн гэсэн дүрэмтэй, журамтай. Намын дунд шатны байгууллагын шийдвэрээр Н.Алтанхуягийг удаа дараа зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр дөрвөн жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс хассан. Энэ шийдвэрийг би гаргаагүй. Үндсэн дүрмийн хүрээнд дунд шатны байгууллага гаргасан. Гомдолтой байвал давж заалдах эрхтэй. Гэхдээ улс төрийн намын дотоод асуудлын талаарх гомдлыг аль ч шүүх хүлээж авдаггүй. Н.Алтанхуяг байнга л шохой самбар хоёр барьчхаад баахан юм яриад зогсож байдаг. Ер нь МАНАН гэдэг юмыг үүсгэн байгуулсан хүн нь Н.Алтанхуяг өөрөө шүү дээ, шударга бусын хонгил гээд байгаа зүйлийг ч байгуулсан хүн Н.Алтанхуяг өөрөө. Шударга бусын хонгилоор нь би ч гэсэн чирэгдэж, хэлмэгдээд явж л байсан шүү дээ. Би урдах хойдох янз бүрийн юмаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх сонирхол багатай. Өнөөдөр нотлох баримтуудаар бүх асуудлууд нь нотлогдох байх. Хууль хяналтын байгууллагад удахгүй асуудлуудыг тавих гэж байгаа юм билээ. Тиймээс энэ шийдвэр гэж ойлгож байгаа. Н.Алтанхуягийн яриад байгаа зүйлийг шаардлагатай гэвэл баримтаар гаргаж тавина. Түүн шиг худлаа, үнэн юм яриад байх сонирхол алга. Энэ асуудлаар тун удахгүй манай хуулийн газар хуулийн хяналтын байгууллагад хандана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж