УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн цэц тавдугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. …” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд … Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. …” гэснийг зөрчсөн байна хэмээн үзсэн байсан юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсан нөхцөлд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх эрхийг дангаараа авах нөхцөл үүснэ гэж үзсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Улсын дээд шүүх цэцэд захиалга өгсөн юм шиг зүйлийг Х.Тэмүүжин гишүүн ярилаа. Цэцэд байгаа таван гишүүний гурав нь Улсын дээд шүүхээс сонгогдсон байна. Цэц захиалгаар ажилладаг байгууллага болсон уу гэх асуудал мөн энэ үеэр хөндөгдсөн юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Тус тогтоолд тэтгэвэрт гарах насыг уртасгахаар тусгаад байсан ч ажлын хэсгийн төвшинд хуулийн төслийг боловсруулах шатанд энэ асуудлыг судлахаар болж, өөрчилсөн байна.
Энэ асуудалтай холбогдуулж, гишүүд ажлын хэсгийнхэнд хандан асуулт тавьж, хариулт авч байна.
Г.ДАРЬ