-Нийтийн тээврийнхэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ирэх даваа гаригт буюу энэ сарын 25-ны 06.00 цагт нийтээр ажил хаялт зарлахаар болжээ-
Нийтийн тээврийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлахаар болжээ. Энэ асуудлаар Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн М.Бодсайханаас тодрууллаа.
-Жолооч кондукторууд үе үехэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлана гэж мэдэгдэн, тухайн үед цалингаа нэмүүлчихдэг. Харин энэ удаад ямар цалингаа багагүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа гэж үнэн үү?
-Жолооч, кондукторууд ажил олгогчдоос “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг биелүүлэхийг шаардаж байгаа юм. Энэхүү хэлэлцээрт одоогийн авч байгаа 450 мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохоор тусгасан. Энэ хэлэлцээрийг өнгөрсөн 2013 онд баталсан ч өдийг хүртэл биелүүлэхгүй байна. Тиймээс ажил хаялт зарлахаар болсон. Ажил хаялтад хуучнаар “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компаниудын нийт ажилчид буюу одоогийн Зорчигч тээврийн нэгтгэлийн ажиллагсад бгүгд оролцоно.
-Жолооч, кондукторууд хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Илүү цагаар ажилласны урамшуул гээд нийтдээ 800 мянган төгрөгийн цалин авдаг. Хэрэ хэлэлцээрийн дагуу цалингаа нэмчихвэл илүү цаг ажиллахгүйгээр 880 мянган төгрөг авах боломжтой юм шүү дээ.
-Эдийн засаг хямарсан энэ үед ийнхүү ажилчдын цалинг нэмэх боломж ажил олгогчдод бий юу?
-Хэлэлцэж тохирсон хэлэлцээрийн дагуу цалингаа нэмэх нь зүй ёсны шаардлага гэж бодож байна.
Д.ЖАРГАЛ