Э.Одбаяр: "Бүс ба Зам"-ыг тэнцвэртэй судлахгүй байна | News.MN

Э.Одбаяр: "Бүс ба Зам"-ыг тэнцвэртэй судлахгүй байна

Э.Одбаяр: "Бүс ба Зам"-ыг тэнцвэртэй судлахгүй байна

Э.Одбаяр: "Бүс ба Зам"-ыг тэнцвэртэй судлахгүй байна

XXI зууны том санаачилга хэмээн нэрлэгдэж буй БНХАУ-ын "Бүс ба Зам" санаачилгад дэлхийн 67 орон нэгдэж буйгаа илэрхийлсэн бөгөөд тэр дундаа далайд гарцгүй 11 орон тус санаачилгыг дэмжиж, далайд гарах боломжоо эрэлхийлж буй. Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй 32 орны нэг. Далайд гарах боломжоо өнөөдрийг хүртэл хайсаар байгаа. Энэ асуудлаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяртай ярилцлаа


-БНХАУ-д “Бүс ба Зам” төслийн хоёр дахь дээд хэмжээний чуулган болж саяхан Бээжин хотноо болж өндөрлөсөн. XXI зууны төсөл хэмээн нэрлэгдэж буй энэхүү төслийг тэртээ 2013 онд Хятадын удирдагч Ши Жиньпин Казахстан улсад айлчлах үеэрээ зарлаж байсан. Өнөөдөр энэ төсөл ямар шатандаа явж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Төсөл гэхээсээ илүү энэхүү санаачилга нь олон улсын дэмжлэг авсаар улам өндөр ач холбогдолтой болж байгаа нь "Бүс ба Зам" санаачилгын хоёр дахь дээд хэмжээний чуулганаас илт ажиглагдлаа. Дэлхий нийтээрээ энэ санаачилгатай ямар нэгэн байдлаар холбогдохгүй бол хоцрох нь гэсэн ойлголтыг хүчтэйхэн өгч чадав. Энэ дүгнэлтээ нотлох үүднээс хэдэн тодорхой жишээ дурдая.

“Бүс ба Зам” санаачилгын анхдугаар форумд 29 орон өндөр дээд түвшинд оролцож байсан бол энэ удаагийн форумд 36 орон төрийн өндөр дээд түвшинд оролцлоо. Өмнө нь Европын Холбооны /EX/ гишүүн зургаан орон оролцож байсан бол энэ жил долоон улс оролцов. Тухайлбал, Итали улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжих санамж бичигт гарын үсэг зуран нэгдэж байгаагаа илэрхийлсэн нь энэ удаагийн форумын ач холбогдлыг улам өсгөсөн гэж дүгнэж байна.

Учир нь, Европын Холбооны нөлөө бүхий гишүүн орон болох Герман, Франц болон ИБУИНВУ зэрэг нь “Бүс ба Зам” санаачилгын талаарх албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, болгоомжтой ажигласан байдалтай байгаа. Ийм үед Европын Холбооны гишүүн нэг орон ирээд санамж бичигт нь тус холбооноос анхдагч болон гарын үсэг зурна гэдэг бол ЕХ-ны бусад орнуудад тодорхой хэмжээгээр заавал нөлөөлөхөөс гадна тус холбоо “Бүс ба Зам” санаачилгыг гаднаас нь хараад зогсох биш цаашид хамтран ажиллаж, хамтдаа хөгжих боломжийг харж эхэлж байна гэж хэлж болно.

Эсвэл бүр “Бүс ба Зам” санаачилгаас хоцорч болохгүй юм байна гэсэн ойлголтыг ч ЕХ-ны бусад гишүүн оронд төрүүлээд зогсохгүй дэлхийн бусад томоохон орнуудад ч хүргүүлж байна гэж хэлэхэд буруудахгүй байх.

“Бүс ба Зам” санаачилга нь уламжлалт түүхэн цар хүрээ болох хуучин Торгоны замын орнуудаасаа хальж, Африк тив, Хойд мөсөн далай болон Өмнөд Америкийн орнуудыг далайн торгоны замаар холбосноороо дэлхийн хэмжээний санаачилга болж байгаа. Мөн “Бүс ба Зам” санаачилгыг дагасан олон шүүмжийн нэг нь болох хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр нөлөөг тооцох, зарим хор уршгаас урьдчилан сэргийлэх, санал санаачилгад анхаарал хандуулахгүй байна хэмээж байсан бол энэ удаа ногоон төслүүдэд хөрөнгө оруулахаар шийдсэн нь олон улсын хэмжээнд мөн нааштай уур амьсгалыг даллан авчирсан гэж дүгнэж болно.

Үүний бодит жишээ бол Казахстан улсад өгөх 16.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг дурдаж болно. Энэхүү санхүүжилтийн гэрээнд талууд “Бүс ба Зам” санаачилгын хоёр дахь дээд хэмжээний чуулганы хүрээнд гарын үсэг зурсан ба тус санхүүжилтээр Казахстан улсад 30 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барихаар харилцан тохиролцсон болно.

-Энэ санаачилга нэг талаараа Ази, Европыг холбон, дэлхийн улс орнууд харилцан ашигтай, хамтдаа хөгжих уриалга гаргаж байгаа хэдий ч нөгөө талаараа улс орныг өрөнд оруулах хэлбэрээр газар нутгийг нь булаан эзлэх гэсэн Хятадын төлөвлөгөө хэмээн шүүмжлэх, эсэргүүцэх улс орнууд байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Би ямар бодолтой байгаа талаар ярихаас илүү Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, түүний гишүүн далайд гарцгүй орнууд эл асуудлаар ямар байр суурьтай байгаа талаар ярих нь илүү сонирхолтой байх. Шүүмжлэл бол цөөнгүй байна. Зөвхөн таны ярьж байгаа “өрийн хавх” хэмээн нэрлэгдэх болсон асуудлаар ч зогсохгүй “өрөнд унагах дипломат үйл ажиллагаа”, ил тод байдал, зөөлөн хүчний бодлогоор эзлэн түрэмгийлэх бодлого явж байна гэх, түүнчлэн гео-стратегийн нууц бодлого хэрэгжиж байна хэмээн шүүмжлэх явдал ч элбэг байна. Гэсэн хэдий ч бид аливаа асуудлыг олон талаас нь харж, судалгаатай ул суурьтай дүгнэх ёстой юм.

Бидний харж байгаагаар дээрх шүүмжлэлүүд голдуу АНУ болон түүний ойрын холбоотон орнууд, эсвэл зарим олон улсын байгууллагууд болон банк санхүүгийн байгууллагуудаас гарч байгаа нь ажиглагдаж байна. Мөн “Бүс ба Зам” санаачилгыг эсэргүүцэж буй Энэтхэг зэрэг орнуудаас санхүүжилтийн арга барил нь шилэн биш байна хэмээн шүүмжлэх тохиолдол ажиглагдаж байна.

Харин улс орнууд ийм олноороо энэ санаачилгыг дэмжээд бүгд нэг зүгт харан хөгжлийг цогцлооё, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд энэ санаачилгыг ашиглая, олон улсын худалдаанд идэвхтэй оролцохын тулд дэд бүтцээ сайжруулъя хэмээн нэгдэж байгаагийн эерэг үр дагавруудыг тэнцвэртэй судлахгүй, хангалттай дурдахгүй байгаа нь харамсалтай.

“Бүс ба Зам” санаачилгыг Ази тивээс найм, Европоос хоёр, Африк тивээс нэг, нийт далайд гарцгүй хөгжиж буй 11 орон дэмжиж байна. Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улсын дунд далайд гарцгүй боловч хөгжсөн орнууд болох Люксембург, Австри, Швейцарь, Чех зэрэг орон байна. Эдгээр орон тооцож, судлахгүй бас бодлогогүйгээр аливаа олон улсын үйл ажиллагаанд нэн ялангуяа БНХАУ-ын тэргүүлж буй санаачилгад оролцохгүй орнууд гэдгийг гадарлах байх. Иймээс “Бүс ба Зам” санаачилгын зөвхөн эрсдэлтэй талыг харан боломжит эерэг үр дагаврыг үл тооцон шүүмжлэл бичиж байгаа явдал нь дээрх Далайд гарцгүй хөгжиж байгаа болон өндөр хөгжилтэй орнуудын чадавхи чансааг дэндүү дорд үнэлсэн нэг талыг хэт эрхэмлэсэн шүүмжлэлүүд гараад байна уу гэж ажиглаж байна.

Мэдээж дээрх шүүмжлэлүүдээс нүдээ олсон нь бий гэж үзэж байгаа. Ялангуяа БНХАУ-ын зүгээс гаргаж буй судалгаануудын дийлэнх хувь нь “Бүс ба Зам” санаачилгыг сурталчилсан магтсан судалгаанууд ихээр гарч байгаа. Эрсдэлийн тооцоо болон холбогдох сорилтуудыг хэрхэн даван туулах, хамтран ажиллах талаар судалгаа огт хийгдэхгүй байна гэж харж байгаа. Хийгдэж байгаа бол хятад хэлээр ярьдаггүй бүс нутагт тэр нь хүрэхгүй байх шиг байна. Гэхдээ энэ нь санаачлагч улсын буруу биш.

Аливаа улс олон улсын шинж чанартай санаачилга гаргачхаад, их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийчхээд, тэрийгээ шүүмжлээд харлуулаад яваад байхгүй нь ойлгомжтой. Аль болох дэмжиж, өргөж л явахыг хичээнэ. Харин дээрх шүүмжлэлүүдийг нийтлээд байгаа орнууд болон олон улсын байгууллагууд шүүмжлээд зогсох биш туршлагаасаа хуваалцан, хэрхэн шилэн болгох, хэрхэн илүү ногоон болговол зохих, тус санаачилгад нэгдсэн орнуудад хандан хоёр талын болон олон талт шугамаар тусламжийн гараа сунгаж, “Бүс ба Зам” санаачилгаас улбаалан гарч болох эрсдэлийн тооцооллыг зөв зүйтэй хийхэд нь дэмжлэг үзүүлж, бодлогын бодит зөвлөмж гаргах замаар эдгээр орнуудад туслахыг бид уриалж байгаа.

-Хятадын "Бүс ба зам" санаачилгыг ашиглан олон улсын худалдаанд идэвхтэй оролцохыг Монгол Улс ч мөн ялгаагүй хүсч байгаа. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв нь Монголд төвтэй байдаг болоод тэр үү бидэнд илүү боломж байгаа мэт санагддаг. Энэ чиглэлд танай байгууллага ямар судалгаа хийж байна вэ?

-ДГХБО-ын ОУСТ –ийн хувьд бол “Бүс ба Зам” санаачилга манай судалгааны нэг том матери болоод гурван жил болж байна. Манай ОУСТ нь ДГХБО-д үйлчлэх ёстой хараат бус олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын хувьд “Бүс ба Зам” санаачилгын талаар судалгаа хийж холбогдох ДГХБО-д тус санаачилга нь хэрхэн нөлөөлөх, мөн түүнчлэн үүнтэй холбоотой бодлогын судалгаануудыг гишүүн орнуудад гаргаж өгөх ёстой болж байгаа.  Энэ ажлаа ч хийсээр яваа. Бид суугаа орныхоо эдийн засгийн коридорын үр ашгийн симуляцыг хийж өгсөн талаар телевиз, радиод ярилцлага өгч байсан, мөн Гадаад харилцааны сайдын зөвлөлийн гишүүдэд тус судалгааны дүнг танилцуулж байсан.

2019 онд “Бүс ба Зам” санаачилгаар нэг том судалгаа эхлүүлсэн байгаа. Уг судалгааг 2020 онд гаргахаар ажиллаж байна. Эл судалгааны хүрээнд “Бүс ба Зам” санаачилга холбогдох ДГХБО-ын хувийн хэвшилд ямар нөлөө үзүүлэх талаар судалж байна. Тэгэхээр товчхон хэлэхэд ДГХБО-ын ОУСТ “Бүс ба Зам” санаачилга ДГХБО-д маш чухал ач холбогдолтой хэмээн үздэг ба асуудлыг тэнцвэртэй олон талаас нь судлан үзэж, гишүүн орнуудад ухаалаг бодлогын шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэн ажиллахыг эрмэлзэж байна.

-Бүс ба зам төслийг хүлээн авч, төмөр замаа байгуулан, ложистикийн төв болж, хоёр улсын харилцааг харилцан ашигтайгаар авч яваа ямар улс өнөөдөр байна вэ.Тэднээс бид юу суралцаж, юу дээрээ анхаарах хэрэгтэй вэ?

-“Бүс ба Зам” санаачилга харьцангуй залуу санаачилга тул шилдэг жишээ болгоод харуулчих улс одоохондоо байхгүй байна. Энэхүү санаачилга ч өөрөө жил болгон боловсронгуй болж, дэлхийн улс орнуудын хэрэгцээ болон туршлага дээр суурилан өөрчлөгдөж байна. Үүнтэй адил улс орнуудын оролцоо, ашиг сонирхол ч жилээс жилд хувьсан төгөлдөршиж байна.

Жишээлбэл, “Бүс ба Зам” санаачилга нь 2017 онд ногоон хөгжлийн төсөл, шилжин суурьших ажлын хүч байрлах байрны стандарт зэрэг зүйлээр огтхон ч дурддаггүй байлаа. Энэ жилийн форумаар ил тод байдал, ногоон хөгжил болон улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааны механизмууд, санхүүжилтийн горимыг шилэн болгох зэрэг маш олон шинэлэг зүйлүүдийг түлхүү ярилаа, энийгээ “Бүс ба Зам 2.0” ч гэж нэрлэх нь сонсогдох боллоо.

Одоо биш харин ойрын ирээдүйд “Бүс ба Зам” санаачилгын орнуудаас холбогдох төслүүдийг хамгийн бодит бөгөөд хамгийн амжилттай замаар хэрэгжүүлж, тус санаачилгын урдаа барих жишиг орноор Казахстан улс тодрох магадлал маш өндөр байна. Учир нь, Казахстан улс Узбекистан болон Азербайжан улсын адил хуучин Торгоны зам, Цайны зам дайран өнгөрдөг байсан орнууд. Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн 160 тэрбум ам.доллар ба энэ нь Төв Азийн бүх орнуудын ДНБ-ийг нийлүүлснээс ч илүү байгаа юм.

Казахстан улс нь дэлхийн хамгийн том далайд гарцгүй орон бөгөөд газар зүйн байршлын хувьд Европ Азийг холбосон гүүр орон юм. Тийм ч учраас БНХАУ-ын төрийн тэргүүн “Бүс ба Зам” санаачилгын нээлтийг Казахстан улсад хийсэн байх. Ер нь Казахстан болон БНХАУ-ын дэд бүтцийн салбар дахь хамтын ажилагаа “Бүс ба Зам” санаачилга эхлэхээс гурван жилийн өмнөөс буюу 2010 оноос эхлэлтэй. 2010 онд хоёр тал харилцан тохиролцож, Казахстаны тал Хоргосын хуурай боомтыг байгуулах Хятадын тал Или хэмээх шинэ эдийн засгийн онцгой бүсийг байгуулахаар тохиролцож ажлаа эхлүүлсэн байдаг. Ингээд гаалийн шалган өнгөрүүлэх цэг, чингэлэг шилжүүлэн ачих тоног төхөөрөмж болон бусад хуурай боомт болон худалдаа эдийн засгийн онцгой бүсэд байх шаардлагатай бүх бүтээн байгуулалтыг барьж эхэлсэн. Тэгэхээр өнөөдөр энэхүү бүтээн байгуулалт нь  “Бүс ба Зам” санаачилгын үр дүн мэт харагдаж байгаа хэдий ч 2010 оноос эхлүүлсэн ажил юм.

Хоргосын хуурай боомт өнөөдөр ДГХБО-д сайн жишээ болоод зогсохгүй яваандаа ХБНГУ-ын Дуисбург хотын хуурай боомтоос илүү ачаалалтай болж, жилд 30 сая тонн ачааг өнгөрүүлэх хүчин чадал бүхий дэлхийн хамгийн том хуурай боомт болох нь тодорхой болоод байна.

Төмөр замаар ачаа тээвэрлэх нэг чухал үндэслэл нь бас агаарын тээврээс хямд далайн тээврээс хурдан байгаад оршиж байгааг талууд сайтар ойлгож байгаа нь дамжиггүй. Жишээ нь, БНХАУ-ын зүүн хязгаарт орших Ийвүү гээс гарсан ачаа Европын зах зээл хүртэл Хоргосоор дайран 15 хоногийн дараа очиж байхад далайгаар тээвэрлэхэд 35 хоног зарцуулж байгаа. Иймд бид Казахстан улсыг ойрын жилүүдэд “Бүс ба Зам” санаачилгатай холбон анхааралтай ажиглаж байх нь чухал хэмээн үзэж байна.

-Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг анхнаас нь дэмжиж, энэ төсөлтэй холбогдох эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг байгуулах санаачилга гарч, төсөл хөтөлбөрөө баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан "Бүс ба зам" уулзалтад оролцохдоо ч энэ санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Айлчлалын үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал маш амжилттай болсон гэж би бодож байна. БНХАУ ч төрийн айлчлал хэмээн хүлээн авсан тухай хэвлэл мэдээллээр багагүй ярилаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч ажлаа маш сайн хийгээд ирлээ, одоо харин яах вэ? Айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлуудыг Ерөнхийлөгч болон төрийн захиргааны төв байгууллагуудад тохоод хаях биш хувийн хэвшил, их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд болон мэргэжлийн холбоод Худалдаа аж үйлдвэрийн танхимтайгаа хамтраад шийдвэр гаргагч нараа үнэн бодит мэдээлэл, санал санаачилга болон судалгаатай баримт бүхий бодлогын зөвлөмжөөр хангах замаар ажиллаж, атгасан гар шиг бүгд нэг зүг рүү харан ажиллавал сая айлчлалын бодит үр дүн гарна гэж харж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-08 66.181.191.56

Лу.Болдын үеэс л 2012 оноос ажиллаж байгаа биз дээ, Хүрэлсүхийн дүү, их дэмжлэгтэй нөхөр
Нөхөр, "долоогч биш байхаа"

Avatar

Зочин 2019-05-08 5.67.20.252

Женкотой нийлж баахан танк оруулж ирэх нь дээ!

Avatar

зочин 2019-05-08 202.55.191.130

Логикоор бодохоор Хятадын эдийн засгийг бүрэн утгаараа дэмжсэн тэд нарт давхар ашиг авчрах төсөл байна дээ. Холыг харж, хоёрыг боддог улс мундаг юмаа. Хэлэх үг алга. Энэ төслийг хэрэгжүүлнэ гээд үхмэл мөнгөө бусад оронд зээл олгож нэг амилуулна бас үржүүлнэ, дараа нь тэдгээр дэд бүтцийг нь хятад ажилчин гүйцэтгэнэ, тэрбум хүмүүсийг ажилтай орлоготой байлгах бас нэг гарц, барьсан хойно нь ажиллуулна, тэдгээрээр түүхий эд хятадад очиж өртөг шингээд буцаад нөгөө улсуудын зах зээлд очино гэх мэт

Avatar

Зочин 2019-05-08 2.205.84.216

Сайхан мэдээлэл авлаа. Юм бүхнийг харлуулж, төлбөр, захиалгаар бичдэг нөхөд байдаг, бүү тоогоорой. Урагшаа залуучуудаа!

Avatar

Зочин 2019-05-08 78.175.228.162

Бүс ба Зам гэдэг төслийн талаар энэ залуу ингэж үндэслэлгүй, худал мэдээлэл өгч болохгүй шүүү дээ, улс орнуудын дийлэнх нь болгоомжлон хүлээзнэх байдалтайгаар ажиглаж байна, сонирхох явдал нэмэгдэж байгаа нь Хятадаас болгоомжлохтой нь холбоотой гэдгийг хэлэх ёстой, түүнээс биш энэ төсөлд очоод наалдах гэсэн нэг ч улс орно одоогоор байхгүй байна, энэ бол Хятадын геополитикийн том тоглолт…судлаач дээ тэгээд…

Avatar

Зочин 2019-05-08 59.153.112.50

ГЯ-нд энэ асуудлыг мэдэх илүү туршлагатай мэдлэгтэй хүн байхгүй гэж үү.заавал Н.Энхболдын хамаатан садан хийх ёстой ажил юм уу

Avatar

Зочин 2019-05-08 59.153.112.50

ГЯ-нд энэ нэг бацаанаас өөр энэ албыг хашчих хүн байхгүй болсон юм уу үгшй бол Н.Энхболдын хамаатан байх шаардлагатай мест юм уу

Avatar

1 бүс 1 зам биз дээ 2019-05-08 109.70.100.26

хятадууд одоо бүр нэрийг хүртэл монгол ялначууд ойлгохгүй болгоод өөөрчлөөд авсан ай. хятад санаатай хэн болж үлдэж байна даа хятадууд х***а удамтай гаруудаа дэмжээд эргүү монгол ялначуудаа мэхэлж байгаам биз дээ

Avatar

Зочин 2019-05-08 103.229.120.145

Төмөр замаар хятадын ачаа өдөр шөнөгүй орос руу цувах юм. Манай ачаа гэж байдаггүй юм шигээ. Манай дарга нарт хятад оростой яриад байх юм байхгүй байхөө Дэмий хүний өөрийн цагаа бараад явж байдгаа болимоор юм.

Avatar

зочин 2019-05-08 66.181.191.133

бүс ба зам санаачлагад нэгдэж болно л доо даанч хятадуудад манай нутаг хэрэггүй аль хэдийн казахстанаар дайраад европ руу гарах зам нээчихсэн монголоор дайрах зам байхгүй дайрлаа гэхэд тойруу явж цаг алдана ашиггүй

Avatar

Зочин 2019-05-08 66.181.168.81

Увайгүй загнаж байгаа Өвөрхангайн ганболдтонгуудыг хэзээ шүүрдэх бол!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-05-08 202.70.34.70

doloogch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж