Залуучуудын нэгдсэн нам байгуулахаар өнгөрсөн жилээс зохион байгуулалтад орсон залуус хуралдан шинэ нам байгуулах бус шударга, зөв намыг дэмжин ажиллах шийдвэрийг гаргажээ.
Монгол Улсад нийт 20 гаруй улс төрийн нам бүртгэлтэй байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 5-6 нам л байдаг. Харин цэвэр, зөв шударга нам хэд байгаа нь олны анхаарлыг татдаг.
Залуучуудын нэгдсэн намыг байгуулахаар зорин ажиллаж байсан залуусын хувьд Иргэний Зориг Ногоон Намыг дээрх шаардлагыг хангахуйц эрүүл намаар сонгон хүч сэлбэн дэмжиж ажиллах шийдвэрийг гаргажээ. Тэд Иргэний Зориг Ногоон Намын зөв, шударга үзлийг дэмжихийн зэрэгцээ тус намын өнөөдөр хэрэгжүүлж байгаа бодлого зохион байгуулалтад үндэслэн улсаа хөгжүүлэх зорилгын дор уг шийдвэрээ гаргасан нь энэ гэнэ. Энэ тухайгаа тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ.
Мөн Монгол оронд цаашид намууд шинээр байгуулагдах нь нийгмийн задралыг улам хөөрөгдсөн үйлдэл болох тул шударга нийгмийн төлөө эв нэгдлээ бэхжүүлэх нь Монгол төрийг хүчирхэгжүүлэх чухал алхам гэж үздэгээ ч тэд хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлэв. Залуусын нэгдсэн намыг байгуулахаар зорин ажиллаж байсан 900 гаруй залуусийг төлөөлж эхний удаад 350 залуу энэ үзлийнхээ дагуу намаа Дээд шүүхэд бүртгүүлэх шийдвэрээсээ татгалзан ийнхүү ИЗНН-ыг сонгосон байна.
Залуучуудын нэгдсэн намд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорноговь зэрэг аймгуудын 900 гаруй залуучууд гишүүнчлэгддэг аж.
Г.ДАРЬ