С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо хаалттай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо хаалттай хуралдаж байна

С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо хаалттай хуралдаж байна

С.Зориг агсны амь нас хохирсон хэргийг шалгах Түр хороо хаалттай хуралдаж байна. Хуралдааны эхэнд Түр хорооны ажлын төлөвлөгөө батлахтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

2019 онд хийх ажлын төлөвлөгөөг УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан танилцуулсан бөгөөд энэ онд нийт 8 ажил хийхээр төлөвлөжээ.

Үүнд, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн тухай нийт 6 өдрийн бичлэг үзэх, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцах асуудлаар албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулах, мөн УИХ-д танилцуулах санал, дүгнэлт боловсруулах, нэгтгэн гаргах зэрэг ажлууд багтсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин эдгээр 8 ажил ямар хугацаанд хийгдэх, хэрхэн зохион байгуулагдах талаар тодруулахад, Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүд хоёр, гурваараа нэгдэн нэг ажлын хэсэг болж, шуурхай шийдвэрлэх боломжтой гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, иргэдийн төлөөлөлтэй болон хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзахад Түр хорооны гишүүд бүгд байлцаж, хамт ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлж байв.

ТҮР ХОРООНЫ ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:

С.Зориг агсны амь нас хохирсон хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зориуд дуусгасан гэсэн асуудлыг Л.Болд гишүүний зүгээс хэлж байгаа. Үүнийг эргэж харах бодолтой байна. Ил болсон хэргийн материалтай тусгай дэд хорооны ажлын хэсэг танилцах нь зөв гэж миний хувьд үзэж байна. Уулзалтын тооны хувьд ойролцоогоор 5-6 уулзалт хийнэ гэж төлөвлөж байна. Шүүх, АТГ, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эдгээр байгууллагатай тус тусад нь уулзана гэвэл уулзалтын тоо нэмэгдэх байх. Мөн эрүүдэн шүүсэн процесс хууль зөрчсөн эсэхийг судлах хүрээнд олон уулзалт зохион байгуулна.

УИХ-ЫН ГИШҮҮН Я.САНЖМЯТАВ: 

Гишүүдтэй санал нийлж байна. Түр хорооны дарга аль, аль байгууллагын удирдлагуудыг уулзуулах уу гэдэг чиглэлээ гаргах байх. Бөөнд нь уулзах уу эсвэл тухайн байгууллага тус бүртэй нь уулзах уу гэдгийг  тодорхой болгож цаг гаргая. Болж өгвөл маргааш үдээс хойшдоо түр хорооны гишүүд маань нэгдсэн мэдээлэлтэй болоод, ажлаа хаанаас эхлэх үү гэдгээ нарийвчлан гаргах нь зөв болов уу гэж бодож байна. Түр хорооны гишүүдээс Ц.Нямдорж сайдаас бусад нь бага мэдээлэлтэй байгаа. Манай түр хороонд нийгэм хүлээлт их тавьж байгаа байх. Өрөө тасалгаа нь хаана байх уу, бидний шалгах асуудал нь өөрөө их ярвигтай. Гэхдээ нэгэнт төрийн өмнө тангараг өргөсөн бид зөв гольдрилд нь асуудлыг оруулахад анхаарах хэрэгтэй.

Гишүүдийн хэлсэн саналыг тусган түр хорооны ажлын төлөвлөгөөг баталснаар хуралдаан хаалттай горимд шилжив.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж