Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, ХБНГУ-ын “RHK” компани, “Үүрийка” ХХК, “Монголын цэвэрлэх байгууламжийн шинэ технологийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран бохир ус цэвэрлэх шинэ технологийг танилцуулаа. Энэхүү технологи нь уламжлалт механик арга болон биологийн цэвэрлэгээг хослуулсан бөгөөд 20 дугаар зууны сүүлчээр нэвтэрсэн шинэ mbr нано технологи гэнэ.
Mbr нано технологийн цэвэрлэх байгууламжийн шүүлтүүр нь 0,03 -30 нанoметр байдаг. Бактер, вирус, хөвөгч бодисуудыг бүрэн шүүдэг учраас цэвэрлэгдсэн усыг газар тариалан, oo өрөө, машин угаалгад шууд ашиглах боломжтой. Органик бодисыг 99 хувиас дээш, вирус,булангир,хөвөгч бодис зэргийг 99.5 дээш хувиар цэвэрлэж, азотгүйжүүлэх хувь нь 80-аас дээш байдаг аж. Фосфоргүйжүүлэх үр дүн нь уламжлалт технологийн 1.2-1.5 дахин их бөгөөд технологийн процесс нь уян хатан, хялбар, орон зай бага эзэлж хүнээс үл хамаарах бүрэн автомат ажиллагаатай юм.
Энэхүү загварыг нэг жилийн турш судалгаа хийж эхний загварыг Монгол Улсад угсрах гэж байна. Эхний ээлжинд айлуудын бохир усыг цэвэрлэхэд ашиглаж, цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулахад энэхүү технологийг ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.
Мөн орон сууцны олон давхар байшингуудын подвальд уг төхөөрөмжийг суурилуулан цэвэрлэсэн усыг нь дахин ашиглах боломжтой эсэхийг туршина гэж Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас мэдээллээ.
Д.ЖАСУ