Тарваган тахлаар таван жилийн дотор 584 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

Тарваган тахлаар таван жилийн дотор 584 хүн нас баржээ

Тарваган тахлаар таван жилийн дотор 584 хүн нас баржээ

Жилийн дөрвөн улирлын алинд ч тарваган тахал гарах эрсдэлтэй

Манай улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн. Эдгээрээс Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд зэрэг аймагт голомт нь илүү идэвхтэй байдаг байна. Тиймдээ ч тарваган тахлын тохиолдлууд дээрх газруудад гарах нь элбэг. Хамгийн сүүлд Баян-Өлгийд тарваган тахлын улмаас гэр бүлийн хоёр хүн нас барж, дөрвөн хүүхэд өнчрөөд үлдлээ. Гэтэл Баян-Өлгийн хөл хорио цуцлагдаагүй байхад Увсад мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдэв. “Иргэдэд тарваган тахлын талаар сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байгаа боловч энэ эрсдэл байсаар байна. Увс аймагт нохойгоор бариулсан тарвагатай харьцсан, мөн албан бус мэдээллээр түүхий эд эрхтнийг хэрэглэхээр авч хадгалсан гэсэн сэжигтэй тохиолдол энэ сарын 5-ны өдөр бүртгэгдлээ. Тус аймгийн хэмжээнд онцгой комисс ажиллаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. 24 цагийн турш холбогдох байгууллагууд үүнд анхаарал тавьж ажиллалаа. Гэхдээ тарваган тахал өвчин биш болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан” хэмээн ЗӨСҮТийн Захиргааны албаны дарга Б.Амгаланбаяр ярилаа.

Манай улсад 2000 оноос хойш дунджаар жилд нэг хүн тарваган тахал өвчнөөр нас барж байсан нь ЗӨСҮТ-өөс гаргасан судалгаанаас харагдаж байлаа. Харин олон улсад 2010-2015 оны хооронд 3248 хүн уг өвчнөөр өвчилж, 584 хүн нас баржээ. Сүүлийн таван жилд манай улсад тарваган тахал өвчний тохиолдол жилд 1-2, зарим жилд бүртгэгдэхгүй алаг цоог байжээ. “Иргэд тарваган тахлыг зун, намар гардаг гэж ойлгодог. Гэтэл одоо уг тахалд улирал нөлөөлөхгүй болсон. Гэрийн хулганад тарваган тахлын нян илэрсэн. Гэтэл гэрийн хулгана ичээнд орохгүй. Тиймээс жилийн дөрвөн улирлын алинд нь ч тарваган тахал гарах эрсдэлтэй  болоод байгаа. Мөн иргэд эд, эрхтнийг нь хөлдөөгөөд хэрэглэж байгаа тул өвөл ч тарваган тахал үүсэх өндөр эрсдэлтэй” гэдгийг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах онцлов.

Уг өвчний нэг тохиолдол бүртгэгдэхэд 40- 50 сая төгрөгийн зардал гардаг

Тарваган тахал нь зоонозын халдварт өвчин бөгөөд амьтнаас хүнд халдварладаг ангилалд багтдаг аж. Уг өвчнийг үүсгэгч нян нь 135 төрлийн мэрэгч амьтан болон тарваганд байнгын оршдог байна. Тиймээс тарваганаас гадна бусад мэрэгч амьтнаас халдварлах боломжтой гэдгийг ЗӨСҮТ-өөс анхааруулж байлаа. Түүнчлэн тарвага агнах нь хуулиар хориотой учир оношийн зөрүү үүсгэж, бусдын болон өөрийнхөө амь насаа эрсдэлд оруулдаг болохыг мөн хэлж байсан юм. Тиймээс иргэдийг зэрлэг ан амьтны эрхтнийг түүхийгээр нь залгих, түүхий цус уух зэрэг өндөр эрсдэлтэй зүйлийг мухар сүсэгт итгэн өөрийнхөө амь насыг дэнчин тавьж, бусдын эрүүл мэндийг хохироохгүй байхыг дахин сануулав. Тарваганы түүхий эд эрхтнийг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байгаа аж.

Тарваган тахал өвчин амь нас, бусдын эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй хариу арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаа нь өндөр зардалтай байдаг аж. Уг өвчний нэг тохиолдол бүртгэгдэхэд 40-50 сая төгрөгийн зардлаар бусдад халдаахгүй байх хариу арга хэмжээ авдаг байна. Эмнэлгийн тусламж оройтож авах, тарваганы мах идсэн, арьсыг нь өвчсөн зэргээ эмнэлгийн ажилтанд хэлэлгүй нууснаас үүдэн оношийн зөрүү үүсдэг байна. Ингэснээр хугацаа алдаж, амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлдгийг ЗӨСҮТ-өөс онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж