Samsung ухаалаг сууц борлуулахад бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Samsung ухаалаг сууц борлуулахад бэлтгэж байна

Samsung ухаалаг сууц борлуулахад бэлтгэж байна

Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч өрсөлдөгч AI буюу хиймэл оюун ухааны технологиудыг нэг системд нэгтгэхээр чармайж байна.

Samsung компани өгөгдлийн эриний айл гэрийн суурь болох интернэт холболт бүхий телевиз, хөргөгч зэрэг ахуйн хэрэглээний ухаалаг цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр олон жил боллоо. Өмнөд Солонгосын конгломерат энэ удаа улам урагшилж ухаалаг орон гэрийг нь байгуулахаар шийдлээ.

Сөүлд байгуулсан уужим саруул, ганган хээнцэр загвар орон сууцанд Samsung-ын виртуал туслагч-Bixby хөргөгчинд юу байгааг зочдодоо тайлбарлаж байна. Харин Amazon-ы Alexa дуут туслагч зочдын өрөөний гэрэлтүүлэг, кондиционерын ажиллагааг удирддаг ажээ. Naver Corp-ын бүтээж хөгжүүлсэн ухаалаг чанга яригч сонсох хөгжим, үзэх телевизийн шоуны талаар зөвлөж байлаа. Энэхүү орон сууцанд Samsung-ын программ хангамж өөрийн дотоодын болон хөндлөнгийн өрсөлдөгч компаниудын аппликэйшнүүдийг холбон нэгтгэж нэгдсэн удирдлагын систем үүсгэжээ. Ийм маягаар хөгжүүлбэл Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч удахгүй юмсын интернэтээс (IoT – Internet of Things) цугларсан их өгөгдлийг задлан шинжилж, бүтээгдэхүүнээ сайжруулах боломжтой болно.

“Таны хэн болохыг ойлгож таньдаг орон гэрийн орчин бүрдүүлэхийн тулд янз бүр IoT технологийг уялдуулан нэгтгэхийг чармайж байгаа”-гаа Samsung-ийн ухаалаг орон гэрийн төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Мюн-Сук тайлбарлав.

Samsung компани ухаалаг технологи бүхий айл гэрийн туршилтыг Өмнөд Солонгосын Пусан хотод орон сууцны засвар шинэчлэлийн төслийн хүрээнд эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны зургадугаар сараас 2,600 орон сууцны эзэмшигч smart home буюу ухаалаг гэрийн тоноглол захиалах боломжтой. Эзэмшигчид нь төлөвлөгөө ёсоор шинэ технологитой гэрт 2022 оноос нүүж орох юм. Ухаалаг орон гэрийн үнэ өртгийг Кимийн хөгжүүлэлтийн баг хэлэхээс зайлсхийлээ.

Amazon.com Inc, Google зэрэг аваргууд тэргүүлнэ гэсэн таамаг бүхий, нийт 77 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй интернэт холболттой гэр ахуйн хэрэгсэл, тавилгын дэлхийн зах зээлд Samsung компани давуу тал ихтэй. Өмнөд Солонгосын конгломерат нь ухаалаг утас, телевиз, санах ойн чипний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Samsung Electronics Co-гийн зэрэгцээ ухаалаг гэрийн төсөлд амин чухал барилга угсралтын ажил эрхэлдэг Samsung C&T Corp салбартай. Samsung C&T Corp нь дэлхийн хамгийн өндөр барилга – Дубайн Бурж Халифаг байгуулсан. Тус салбар урьд нь мөн л дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байсан Куала Лумпурын Петронас хос цамхгийг ч босгосон юм.

“Samsung-д одоогийнхоо амжилтыг ахиулах нөөц бололцоо хангалттай бий” хэмээн 2022 он гэхэд дэлхийд ухаалаг гэрийн тоо 300 саяд хүрэх тооцоо гаргасан ABI Research-ын шинжээч Жонатан Коллинз үзэж байна.

Samsung Electronics нь Jetsons хүүхэлдэйн кинонд гардаг шиг орон сууц байгуулах төлөвлөгөөг олон жил хэлэлцэж ирсэн. Гэвч өгөгдлийн анализ хязгаарлагдмал, уялдаатай ажиллах чадвар сул, гол нь зардлаас шалтгаалан хэрэгжүүлэлгүй өдий хүрчээ. Программ хангамжийн алдаа их хэвээр байгаагаас мөддөө ухаалаг орон сууцанд өндөр үнэ төлж шилжих хүсэлтэй хэрэглэгч цөөн гарах төлөвтэй. Дээр нь технологийн салбар хувийн өгөгдлийн халдашгүй байдал зөрчдөг гэсэн шүүмж ихэссэнтэй уялдан ажиглалт, хяналт асар ихтэй ухаалаг сууц сууц хөгжүүлэх загвар эрсдэлтэй бизнест тооцогдож байна.

Одоогоор Samsung ухаалаг орон сууцанд түрүүлж суурьших эрмэлзэлтэй хэрэглэгчдийн тав тухыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй болгох талыг нь түлхүү анхаарч байгаа юм. Хэрэглэгч нүдээ цавчих зуур эрүүл мэндийг нь тодорхойлж орхидог угаалгын өрөөний ухаалаг толь, халуун хүйтэн температурыг хэрэглэгчийн хэлсний дагуу тохируулж усаар дүүргэдэг ухаалаг ванн, уншиж буй номон дээр гэрлийг төвлөрүүлж, бүдгэрүүлэх чадвартай ухаалаг гэрэлтүүлэг зэргийг Samsung мөн сонирхуулсан юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж