“Нөхөн сонгуулийг хойшлуулах оролдлого гаргавал хатуу тэмцэнэ”

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

“Нөхөн сонгуулийг хойшлуулах оролдлого гаргавал хатуу тэмцэнэ”

Иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн Цэцэд нөхөн сонгууль зохион байгуулах асуудлаар өчигдөр /2019.05.06/ гомдол гаргасан билээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өргөдлийг УИХ хүлээн авч,  шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж тэрбээр үзэж байгаа юм. Уг асуудалд Ардчилсан нам, МАХН намын удирдлагууд ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.

Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ:

Асуудлыг хоёр талаар харж байна. Нэгдүгээрт, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд улс төрийн намууд дүгнэлт хийж байгаа. Тухайлбал, эрх баригч намын хувьд нөхөн сонгуульд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүсчихсэн юм уу даа гэж харж байна. Тийм ч учраас зохион байгуулалттайгаар ийм асуудал оруулж ирлээ. Өнгөрсөн намар мөн л МАН-ын гаралтай хүн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж нөхөн сонгуулийг хойшлуулж байсан. Одоо дахин хоёр дахь удаагаа Цэцэд хандлаа. Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хуулиар нь тайлбарлавал, УИХ-ын гишүүнийг ямар үндэслэлээр чөлөөлдөг вэ гэвэл “Тухайн гишүүний өөрийнх нь  хүсэлтээр гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэсэн хуулийн зохицуулалт нь бий. Яг энэ хуулийн зохицуулалтын дагуу Д.Гантулга өөрөө хүсэлтээ гаргаад чөлөөлөгдсөн. Д.Гантулгатай холбоотой асуудал хуулийн байгууллагаар өнөөдрийг хүртэл шийдээгүй л байна. Эзэн холбогдогч нь тодорхой хэргийг шийдэхгүй байгаа нь нөгөө талдаа нөхөн сонгуультай холбоотойгоор энэ хүнийг буцааж УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг сэргээх гэж Цэцэд гомдол гаргасан нь ёс зүйн талаасаа маш увайгүй. Энэ нь Монголын олон зуун мянган эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүд, охидыг доромжилсон үйлдэл гэж харж байгаа. Хэрэв АН энэ нөхцөлд ямар шийдвэр гаргах байсан бэ гэдэгт намын даргын хувьд хэлэхэд, бид  нөхөн сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлээд тухайн тойргийн иргэдээс уучлалт гуйх байсан. Гэтэл эрх баригч нам сонгогчдоосоо уучлалт гуйх байтугай нөхөн сонгуульд оролцоно гэдгээ илэрхийллээ. Хоёрдугаарт, эрх баригч нам нөхөн сонгуулийг хүчингүй болгуулах Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулах гэж зохион байгуулалттай үйлдэл хийж байгаа нь маш харамсалтай. Шулуухан хэлэхэд өнөөдөр Монголд яагаад хүчирхийлэл ихсээд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрүүдэн шүүлт гэдэг аймаар зүйл юм байна” гээд гурван шатны шүүхээр гэм буруу нь тогтоогдоод ял авсан этгээдүүдийг тэвэрч гүйн, эмнэлэгт хэвтүүлж, уучлалт гуйлаа. “Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна” гээд Үндсэн хуульд тодорхой заачихсан атал энэ шийдвэрийг давдаг ямар ч эрх мэдэлтэн байх ёсгүй. Гэтэл өнөөдөр эрх баригч нам болон Хууль зүйн, дотоод хэргийн сайд нь давсан үйлдэл хийгээд л явж байна.

Цэргийн албанд очсон залуу эрүүдэн шүүлгүүлж хөлийнхөө 10 хурууг тайруулж, өнөөдөр хөдөлмөр эрхлэх чадваргүй хэвтэрч орчихсон байна. Өнөөдөр олон нялх үрс маань хаалганы цаадах хүчирхийлэлд өртөж байна. Энэ бүх асуудалд эрх баригч нам дуугарахгүй атлаа гурван шатны шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээсэн нөхдийг тэвэрч гүйгээд байгаа нь цаанаа улс төрийн шоу. Үүнтэй адил иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн Цэцэд нөхөн сонгууль зохион байгуулах асуудлаар гомдол гаргасан нь мөн улс төрийн зорилготой асуудал. АН Хэнтий аймгийн  42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг явуулахын төлөө хатуу байр суурьтай байгаа. Хэрэв ямар нэгэн байдлаар уг сонгуулийг хойшлуулах буюу хүчингүй болгох оролдлого гаргавал манай нам хатуу тэмцэнэ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ТУЛГА :

Эндээс нэг л зүйлийг бид ойлгомоор байна. Монголын төр ёс зүйгүй болчихсон, хуулиа уландаа гишгэсэн нь нэгэнт тодорхой болсон. Тоглоом мэтээр бүх хуулийг өөрсдөдөө зориулж өөрчилдөг, өөрсдөдөө зориулж хууль баталдаг, эцэстээ өөрсдийнхөө талд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг гаруулдаг болчихсон. 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар “Сонгогчид нэг ч өдөр төрд төлөөлөлгүй байх ёсгүй” гэсэн энэ маш чухал заалтыг Цэц хамгийн ихээр анхаарах ёстой. Харамсалтай нь өнгөрсөн жил МАН-ын захиалгаар Цэц шийдвэр гаргаж бүтэн жил гаруй хугацаанд Хэнтий аймгийн сонгогчдыг төрд төлөөлгүй болгож боомилсон. Өөрөөр хэлбэл, 17 мянган сонгогч эрх эдлэх үү эсвэл нэг төрийн албан хаагч эрхээ эдлэх үү гэдэг маш том зөрүүтэй асуудалд Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. Харамсалтай нь тухайн үед  эрх баригч нам нөхөн сонгуулийг зохион байгуулах сонирхолгүй байсан учраас дээрх шийдвэрийг Цэцээр гаргуулж нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулсан. Гэтэл ирэх зургаадугаар сард мөн адил нөхөн сонгуулийг зохион байгуулах сонирхолгүй байгаа учраас иргэн Д.Ганхуяг өчигдөр /2019.05.06/ Үндсэн хуулийн Цэцэд нөхөн сонгууль зохион байгуулах асуудлаар гомдол гаргалаа. Д.Ганхуяг бол Ерөнхийлөгчтэй ойр ажилладаг судлаач нөхөр. Ёс зүйгүй гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээрээ УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Ийм асуудалд Д.Ганхуяг Цэцэд гомдол гаргаж нөхөн сонгуулийг зохион байгуулахгүй байхыг оролдож байна. Д.Ганхуяг нэгэнт ил гараад ярьж байна гэдэг нь цааш юу өрнүүлэхээ хэдийнэ төлөвлөчихсөн, зохиол  нь бичигдчихсэн гэсэн дүр зураг харагдаж байна.

Хэнтийн нөхөн сонгууль гэлтгүй Монгол даяараа дарга нарыг хамгаалдаг, дарга нар гэмт хэрэгт холбогдвол хуулийн мухардалд ордог ийм төр улстай нийгэм байж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж