Камерын тусламжтай автобусанд гардаг хулгайг бууруулна

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Камерын тусламжтай автобусанд гардаг хулгайг бууруулна

Камерын тусламжтай автобусанд гардаг хулгайг бууруулна

"Автобус-3" бүх автобуснуудаа камержуулж, онлайн болгожээ. Ингэснээр жолооч, шалгагчдадаа хяналт тавьж, зөрчлийг нь тухай бүрт нь утсаар сануулах боломж бүрдсэн байна. Тодруулбал, том оврын автобусанд дөрвөн камер, жижиг оврын автобусанд гурван камер тус бүр суурилуулжээ. Энэ талаар өнөөдөр /2019.05.07/ тус компани өөрийн байрандаа мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүрэг болгосны дагуу “Автобус-3” компаниас анх удаа нийтийн тээврийг бүрэн камержуулсан нь жолоочдын ёс зүйгүй үйлдэлд хяналт тавихаас гадна халаасны хулгайг бууруулж, “урт гарт”-нуудыг илрүүлэн иргэдийн хохирлыг барагдуулах зэрэг олон талын ач холбогдолтой аж. "Улаанбаатар смарт карт" компанитай хамтран энэ ажлыг хийсэн бөгөөд 80 сая төгрөг зарцуулжээ.

Өмнө нь халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн автобуснуудыг  камержуулсан ч 80 хувь нь ажилладаггүй гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Тэгвэл дээрх камер нь өмнөхөөсөө юугаараа шинэлэг болохыг холбогдох албаны хүмүүс дараах тайлбарыг өглөө.

ӨМНӨХ КАМЕРУУДЫГ ХЯНАХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН

Зорчигч тээвэр-3 орон нутгийн өмчит аж ахуй тээвэр үйлчилгээний газрын дарга Б.ЦОЛМОН: 

Өмнө нь автобусанд камер суурилуулсан ч хяналт тавих боломжгүй байсан. Учир нь автобус буусны дараа /23.00 цаг/ камераас хард дискийг нь хуулж, бичлэг үздэг байсан юм. Одоо бол автобусыг камержуулсантай холбоотой хяналтын өрөөг шинээр байгуулсан учраас дотоод хяналтын ажилчид жолооч болон тээврийн хэрэгслээ хянана гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар анхны онлайн камерыг автобуснуудад суурилуулж дуусаад үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэснээр нийтийн тээврийн салбарт үзүүлж буй үйлчилгээг тодорхой хэмжээгээр шат ахиулж байгаа юм. Юуны өмнө жолооч нар утсаар ярьдаг, утсаар тоглодог, бүхээгтээ тамхи татдаг зэрэг зөрчлийг арилгуулна. Бүрэн камержуулснаар жолооч нарын үйлдлийг цаг тухай бүрт нь хянаж байх тул хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу албан үүргээ гүйцэтгэнэ.

Мөн бид халаасны хулгайн үйлдлийг бүрэн хянаж, бууруулна. Автобусанд суурилуулсан камерын бичлэг 5-7 хоног хадгалагддаг. Ер нь Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй зөрчлийг арилгах үүргийг сарын хугацаанд өгсөн. Энэ дагуу бүх нийтийн тээврийн компаниуд онлайн болох ёстой.

ОНЛАЙН КАМЕРЫН ТУСЛАМЖТАЙ АВТОБУСНЫ ХУЛГАЙГ БУУРУУЛНА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.ОТГОНСҮХ: 

Нийслэлийн хэмжээнд 1000 орчим автобус үйлчилгээнд явж байна. Өнөөдрийн байдлаар 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн нэг том асуудал нь нийтийн тээвэр. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 1000 орчим автобуснууд нь өндөр насжилттай, сая км явчихсан. Хэдийгээр ийм боловч нийтийн тээврийг шинэчлэх ажлын хүрээнд хийх хамгийн эхний ажил нь автобуснууд онлайн камертай болох ёстой гэж нийслэлээс үзсэн. Одоогоос 5-6 жилийн өмнөөс UB смарт картын үйлчилгээг нэвтрүүлсэн ч автобуснуудад суурилуулсан камеруудын 80 хувь нь ажиллахгүй байгаа юм. Тиймээс “Автобус-3” компаниас UB смарт карт компанитай хамтран энэ ажлыг шинэчлэн онлайн камерыг автобуснуудад суурилуулсанд талархаж байна. Автобусыг онлайн камертай болгосноор халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, үйлчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг хянах боломж бүрдлээ. Одоо XXI зуун гарсан байхад шатаж дэлбэрдэг автобусаар үйлчлүүлж болохгүй. Тиймээс парк шинэчлэлтийн ажлыг анхаарч авч үзнэ.

СМАРТ КАРТ ЦЭНЭГЛЭДЭГ ТӨВ АЖИЛЛААГҮЙГЭЭС ШАЛГАГЧ, ЗОРЧИГЧИД МАРГАЛДАЖ БАЙНА

“Автобус-3” компанийн Дотоод хяналт шалгалтын ажилтан Б.ЭНХЗАЯА:  

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ аюулгүйн бүсээ бүсэлдэггүй, үйлчлүүлэгчдэдээ шаардлага тавих  дутагдал, зөрчил илэрч байна. Яагаад гэвэл, смарт карт цэнэглэдэг төвүүд нь хаалттай байдаг учраас зорчигчид бэлэн мөнгөөр зорчих нь бий. Ийм тохиолдолд шалгагчид зорчигчдод шаардлага тавьдаг боловч маргаан үүсэх асуудал гардаг. Энэ асуудалд, шалгагчид зорчигчтой зөв боловсон харилцахыг сануулж ажиллаж байна.

“Автобус-3” компани нь  том оврын болон дунд гэсэн 80 тээврийн хэрэгслээр 13 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байна. Тухайлбал, “Мал бордох цэг”,  “Тоосгоны үйлдвэр-III,IV хороолол”, “Найрамдал зуслан”, “Санзай”, “Хонхор”, “Вокзал-Сэлбэ зуслан”, “Сэлх-Багшийн дээд” гэсэн чиглэлтэй аж. Эдгээр чиглэлийн автобусанд суурилуулсан камер нь жолоочийн тал, зорчих хэсэг болох үзэгдэх орчныг тус тус хянах боломжтой бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдын дүрс маш тод гэдгээрээ онцлогтой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж