Яаманд “гологдсон” түймэр унтраах хэрэгсэл яг одоо хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Яаманд “гологдсон” түймэр унтраах хэрэгсэл яг одоо хэрэгтэй байна

Яаманд “гологдсон” түймэр унтраах хэрэгсэл яг одоо хэрэгтэй байна

“Оюутолгой” компанийн бэлэглэсэн үнэтэй төхөөрөмж агуулахад шороонд дарагдан хэвтсээр

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Зөвхөн энэ он гарснаас хойш Улаанбаатар хот болон 10 аймгийн 33 суманд нийт 48 удаагийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 21.9 мянга га ой, 217.2 мянган га хээрийн талбай өртжээ. Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд ой хээрийн түймэр 1075 удаа гарч, экологи болон эд материалд 203.2 тэрбум төгрөгийн асар их хэмжээний хохирол учирсан байна.

Ер нь жил бүрийн өдийд түймэр ёс мэт дэгдэж, онцгой байдлын хэдэн аврагч улаан халз нүүр тулдаг байдал энгийн үзэгдэл болжээ. Хэдэн аврагчдынх нь техник хэрэгсэл ч өрөвдөлтэй. Хэдэн жилийн өмнө түймрийг саваагаар цохиж унтраадаг байсан бол одоо арай сайжирч, зориулалтын үлээдэг хэдэн багажтай болсон. Энийгээ цэнэглэж аваад л үзэж тарж байгаа харагддаг. Харин кинон дээр гардаг, гадаадын орнуудад хэрэглэдэг түймэр унтраах хэрэгсэл манайхны хувьд мөрөөдөл төдий зүйл л гэсэн үг.

Уг нь өнгөрсөн жилийн өдийд “Оюутолгой” компанийн зүгээс манай онцгой байдлынханд нисдэг тэргээр гал унтраах зориулалттай төхөөрөмж бэлэглэж байв. Нисдэг тэрэгнээс ус болон хөөс цацах зориулалттай гурван том хөнөгийг зориулалтын тоног төхөөрөмжийн хамт бэлэглэх ёслолд тус компанийн удирдлагууд болон онцгой байдлын газрын дарга нар оролцсон тухай мэдээ зураг хөрөгтэйгөө дурайж байна. гурав хүртэлх тоннын багтаамжтай уг төхөөрөмжийг нисдэг тэрэгнээсээ дүүжилж, гол болон гүний худгаас шууд ус соруулан очоод улалзаж буй галын дээрээс асгана гэсэн үг. Нийт өртөг нь 118 мянган ам.доллар буюу бараг 300 сая төгрөгийн үнэтэй орчин үеийн хэрэгсэл аж. Ашгүй онцгойгийнхон овоо дориун хэрэгсэлтэй боллоо, одоо түймрийг агаараас унтраагаад байж дээ гэж тухайн үед бодсон хүн олон байх.

Гэвч олон зуун саяын үнэтэй өнөөх техник хэрэгслийг манай улс нэг ч удаа ашигласангүй, одоо болтол агуулахад тоосонд дарагдан хэвтэж байгаа нь арчаагүй гэж хэлмээр. Хувийн компани нийгмийн хариуцлагын хүрээнд гал унтраахад шаардлагатай хэрэгсэл бэлэглэсэнд талархаад баршгүй. Гэтэл бид үүнийг нь яагаад ашиглахгүй байна вэ. Агуулахад хав дарахын тулд аваагүй л байлтай.

“Энэ төхөөрөмжийг Монголд ашиглаж чадахгүй” хэмээн онцгой байдлын эх сурвалж өгүүлэв. Гэхдээ ашиглаж, ид шидийг нь үзэхгүй байгаа хамаг учир шалтгаан Батлан хамгаалах яаманд байгаа бололтой.

  • Балгахан усыг хэд дахин зөөж, уулын орой дээр гарсан түймрийг унтраана гэдэг харганы ноос түүж эсгий хийхтэй адил өрөвдөлтэй зүйл.
  • Нисдэг тэрэгнээс ус цацаж түймэр унтраах төхөөрөмжийн нийт өртөг нь 118 мянган ам.доллар буюу бараг 300 сая төгрөг.
  • Харамсалтай нь олон саяын үнэтэй тэрхүү техник хэрэгслийг манай улс нэг ч удаа ашигласангүй.

Мэдээж онцгой байдлынхан төхөөрөмжөөр түймэр унтраахад нисдэг тэрэг болон нисгэгч шаардлагатай. Гэтэл БХЯ-ны нислэгийг удирдах албаныхан болохоор “Ийм хүнд юм дүүжилчихээд нисэж чадахгүй. МИ-8-ын нисгэгчдээ зориулалтын сургалтад суулгах шаардлагатай. Оросоос сургалт авмаар байна” гээд хөдлөхгүй гүрийсээр өдийг хүргэсэн гэх. Гэтэл оросууд нь сургалт хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр өнөөх үнэтэй төхөөрөмж агуулахад хаягдах эхлэл тавигджээ. Үүнээс хойш жил гаруй болсон ч асуудлыг хэрхэн шийдэх, бусдын бэлэглэсэн тоног төхөөрөмжийг яаж ашиглах нь тодорхойгүй байсаар өнөөдөртэй золголоо. Энэ янзаараа бол сайн санаа гаргаж хандив өгсөн “Оюутолгой” компанийн буруу болоод өнгөрөх нь.

“Манай цэргийнхэн хилийн том том багануудыг зөндөө л зөөж нисдэг. Энэ зэргийн ачаа зөөж байгаа юм чинь гурван тоннын устай сав аваад нисэхэд ямар ч асуудалгүй л баймаар. Ганц сургалт ярьсаар байгаад бүтэн жил тойрлоо. Үнэндээ төрийн албаныхны байгаа байдал л энэ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд хэрэглэдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бэлэглэж байхад ашиглаж чадахгүй байгаа нь бидний л арчаагүйгийнх. Үнэндээ яамныхан өөрт нь төсөвлөсөн мөнгийг онцгой байдлынхны гал унтраах шатахуунд зарцуулах нь харамсмаар бөгөөд харамламаар болохыг үгүйсгэхгүй. Манайд агаараас гал унтраах хэрэгсэл ямар их хэрэгтэйг хүн бүр мэдэж байгаа. Хүний хөл хүрэхийн аргагүй өндөр ой тайгад гарсан түймрийг манай онцгойгийнхон унтраах гэж яаж үйлээ үздэг билээ. Уулын бэлээс 20 литрийн шар саваар ус зөөж байгаа дүр зургийг бид зөндөө л харсан. Балгахан усыг хэд дахин зөөж, уулын орой дээр гарсан түймрийг унтраана гэдэг харганы ноос түүж эсгий хийхтэй адил өрөвдөлтэй зүйл. Хээрийн түймрийг бол хүний олноор л унтраадаг. Түүнчлэн түймэр унтраахаар дайчлагдсан хүмүүс дунд нь зориулалтын багаж төхөөрөмжтэй хүн ховорхон. Ихэнхэд нь урдаа резин хадсан мод бариулаад “Эх орон чинь шатаж байна. Түймрийг унтраах нь үүрэг” гэж хөөгөөд илгээдэг. Ингээд хөө тортогтой холилдсон хэдэн нөхөр өдөржин шөнөжин балбасаар байгаад түймрийг арайхийн цурманд оруулна. Ингэж бичихэд харамсалтай хэдий ч гал түймэртэй тэмцэж буй бидний өнөөгийн байдал ийм л байна. Гэсэн хэрнээ гуймхай мөртлөө голомтгой гэдэг шиг бусдын бэлэглэсэн төхөөрөмжийг яаж ийгээд ашиглачихгүй, элдэв шалтаг тоочоод сууж байдаг. Үнэхээр сургалт авах шаардлагатай юм бол ийм төхөөрөмж ашигладаг бусад оронд хандаж болдоггүй юм уу.

МИ-8 нисдэг тэргүүдээ Оросоос авсан. Гэвч Орос энэ төхөөрөмжийг ашигладаггүй байж хэнд, юугаа заах билээ. Оросууд боломжгүй гэнгүүт л өөр хувилбар байхгүй мэт таг дуугүй болох нь тэгээд зөв зүйл үү. Энэ асуудалд Ерөнхий сайд, Шадар сайд анхаарлаа хандуулж, хав дарж гацаагаад байгаа нөхдөөс хариуцлага нэхэх болсон юм биш үү. Яамны нөхдийг элдэв шалтаг тоочиж суух хооронд энэ улс орон чинь шатаж дууслаа. Хэдхэн жилийн өмнө 15 зоригт эр амиа алдсаныг мартаагүй буй за.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж