Монгол, Хятадын залуучуудын уулзалт Бээжин, Чиндао хотод боллоо

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын залуучуудын уулзалт Бээжин, Чиндао хотод боллоо

Монгол, Хятадын залуучуудын уулзалт Бээжин, Чиндао хотод боллоо

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт Бээжин, Чиндао хотуудад боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд оролцохоор Монголын талаас залуучуудын өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож, туршлага судалсан юм. Хоёр орны залуучууд солилцооны хөтөлбөрт хамрагдсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан 90 гаруй залуус Бээжин, Чиндао хотод долоон хоног саатаж, хөгжлийн томоохон бүтээн байгуулалттай танилцлаа.

Хятадын залуучуудын холбоо, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хятадын олон улсын залуучуудын солилцооны төв, Монголын залуучуудын холбооноос хотуудад болсон арга хэмжээг хамтран зохион байгуулж, харилцан туршлага солилцсон арга хэмжээгээр уг хөтөлбөр эхэлсэн юм.

Монгол, Хятадын залуучуудын найрсаг замнал хөтөлбөрийн дагуу эхний уулзалт Бээжин хотод болж, хоёр орны залуус туршлагасаа солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Хуан Жянүй өөрийн туршлагаасаа хуваалцаж, залуучуудад өндөр амжилтыг хүссэн юм. Тэрбээр “Би зохиолч болох мөрөөдөлтэй байсан ч эх орныхоо хэрэгцээ шаардлагын дагуу 1960 онд Бээжингийн их сургуулийн Дорно дахины хэл зохиолын ангид орсон түүхтэй. 1965 онд сургуулиа төгссөний дараа Гадаад харилцааны яаманд Монгол судлал сурах боломж олдож, салшгүй болсон. Би Монгол Улсад 20 ажилласан байна. 1973 онд Монголд очиход хоёр орны харилцаа сайнгүй байсан ч 1980 онд сэргэсэн. Монголд олон жил амьдарсан учраас надад олон найз нөхөд бий. Тэдэнтэй хөгжлийн тухай байнга ярилцдаг байлаа. “Ардын эрх”, “Үнэн” сонин миний тухай нийтлэл гаргаж, монголчуудтай улам л ойр болсон. Магадгүй намайг монгол хүн шиг гэж хэлж болно. Би нутагтаа ирж, тэтгэвэртээ гарсны дараа сайн дурын ажилд байнга оролцдог болсон. 2008 онд Бээжинд олимпийн наадам болох үеэр М.Энхболдтой олимпийн хотхонд уулзаж, таван медаль авна гэж хэлж байсан. Тухайн үед Монголын тамирчидтай ажиллаж, миний хэлснээр хамгийн том амжилтаа аваад буцаж байлаа. 2016 онд “Монголд таван удаа” дурсамжийн номоо бичиж, Улаанбаатарт номын нээлтээ хийж найзуудтайгаа уулзаж, сайхан дурсамжуудаа сэргээсэн. Хятад, Монгол хаяа /хөрш зэргэлдээ/ болсон нь ховор тохиол. Ши Жинпиний хэлсэнчлэн бид бие биедээ туслах болно. Хоёр орны залуучуудын найрамдлын энэ арга хэмжээнд оролцсондоо баяртай байна.” гэсэн юм.

Уулзалтын үеэр Монгол, Хятадын залуучууд өөрсдийн туршлагаасаа хуваалцсан. Монгол Улсын хөдөө талд бизнесийн гараагаа эхлүүлж амжилттай ажиллаж байгаа хятад залуусаас гадна урд хөршид боловсрол эзэмшиж буй олон мянган залуусын төлөөлөл болсон суралцагч түүхээсээ хуучилсан.

Хятадын Ардын их сургуульд олон улсын харилцааны салбар сургуулийн дипломатын ангийг төгсөж байгаа Б.Мөнхтуяагийн гаргасан амжилт олон монгол залууст итгэл зориг өгчээ. Түүний хувьд яятад хэлийг ээжийнхээ зөвлөсөнөөр сургуульд орох үедээ сурч дунд сургууль төгсөхдөө хүссэн сургуульдаа суралцах урилга гардан авчээ. Хятадын Ардын их сургуульд суралцах хугацаандаа гадаад оюутнуудын дунд болдог хятад хэлний уралдаанд түрүүлж, монгол залуусын хичээл зүтгэлийг харуулсан байна. Мөн тэтгэлэгээр суралцах хугацаандаа гадаадын олон олноор аялж, бас хичээлээс гадуурх нийгмийн ажилд идэвх зүтгэлтэй оролцдогоо дурдсан.

Б.Мөнхтуяа Хятадад боловсрол эзэмшиж, эх орондоо буцах болсондоо баяртай байгаагаа хэлж байв.

Өдгөө Хятад улсад сурч байгаа монгол залуусын тоо 10 мянгад хүрчээ.

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан хоёр орны залуучуудын арга хэмжээ Бээжин хотод хоёр өдөр үргэлжилж, хөдөөгийн хөгжил, хиймэл дагуулын удирдлагын томоохон парктай танилцсан юм.

Бээжинд саатсан баг Чиндао хотыг зорьж, “Чиндао дахь тэгш боломж”, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт болон ШХАБ-ын залуу энтрепренёруудын боловсрол, инкубацийн семинарт оролцсон юм. Уг арга хэмжээнд Монгол Улсаас гадна ОХУ, Беларус, Казахстан, Тажикстан, Афганистан, Комбаж, Энэтхэг зэрэг орны залуучууд оролцож, зарим орны төлөөлөгчид гарааны бизнесийг эх орондоо хэрхэн хөгжүүлж байгаа туршлагаасаа хуваалцсан.

Хятадын Ардын засгаас гаргасан бодлогоор далайн гарцыг хөгжүүлэхэд Чиндао хотоос эхэлжээ. Шар тэнгисийн эргийн үзэсгэлэнт энэ хотоос анхны далайн тухай сэтгүүл хэвлэгдэж, гүнд шумбадаг онгоц  зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийсэн байна. Хөгжлийн асар их хурдаараа Бээжин, Тяньжины дараа орох Чиндао хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт болсон нь улам л анхаарал татаж байв.

Чиндао хотод гаалын бүсийн нэгдсэн шинэчлэлийг хийж, Евро Азийн эдийн засгийн парк байгуулж, Номхон далайгаар гарах гарцыг бий болгож далайн боомтоороо дэлхийд долоод бичигдэж байна. Орчин үеийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа Чиндао хотод олон улсын томоохон багийг урьж авчран ажиллуулж эхэлжээ. Энд Нобелийн шагналт академичаас эхлээд бүхий л салбарт мэргэжлийн баг орчин үеийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг хөгжүүлсээр байна. Үүний нэг илрэл нь  Чиндао болон Хуандао хоттой холбосон 42,4 км урттай /5200 тулгуур баганатай/ далай дээр барьсан дэлхийн хамгийн урт гүүр аж.

Чиндао хот олон улсын томоохон хурал, зөвлөгөөн зохион байгуулж, марафон гүйлт, дуу хөгжим, пивоны баяраараар дэлхийн олон орны жуулчдыг татаж, далайн аялал хөгжсөн нь “Бээжин 2008”олимпийн наадмын усан спортын зарим төрлүүд явагдсан нь илт харагдана. Энэ хотоос олимпийн медальтнууд төрөн гарсан нь дэлхийн томоохон хот болон хүрээгээ тэлэхэд нөлөөлжээ.

Европ хийцийн барилгаар алдаршсан Чиндао хотод очсон хэн ч дэлхийн шилдэг брэндийн нэг болсон цинтао шар айрагаар дайлуулж, музейгээр нь зочлохоос гадна Jimo эртний хоттой танилцах болно. Хятадын хот бүрт эртний хотуудыг байгуулж, түүхийн томоохон өв соёлыг үлдээсээр байгаа. Үүний нэг илрэл нь Чиндао хотод байгаа нь илт харагдсан. Мэдээж энд нэгэн түүх соёлыг орчин үетэй хослуулан үлджээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын нэг болсон Чиндао хотод Хятад, Монголын залуучууд солилцооны уулзалт долоон хоног үргэлжилж, дараагийн уулзалтад бэлтгэж эхэллээ.

Монгол, Хятадын залуучуудын ээлжит уулзалт ирэх зургадугаар сард Улаанбаатарт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж