Мексикийн хойд хэсгийн алслагдсан уулын бүсэд “Bombardier Challenger 601” онгоц осолдож, таван гэр бүлийн 13 хүн амиа алджээ. Эрх баригчид болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд даваа гаригт мэдээлснээр, хохирогчид Лас Вегас хотод болсон боксын тэмцээн үзээд, харих замдаа ийнхүү осолдсон байна.
Орон нутгийн “Milenio” телевизийн цахим хуудаст шатсан онгоцны үлдэгдэл, эвдэрхий хэсэг зэрэг ослын дараах зургуудыг дэлгэжээ. Тус онгоцны зорчигчид Мексикийн боксчин Саул “Канело” Альварес болон Америкийн тулаанч Даниэл Жейкобс нарын тулалдааныг Лас Вегаст очиж үзсэн талаар Мексикийн хэвлэлүүдэд бичсэн байна.
Онгоцонд нисэх багийн гурван гишүүн, 10 зорчигч явсан бөгөөд Коауила мужийн эрх баригчдын мэдээлснээр, зорчигчдын дийлэнх нь Латин Америкийн иргэд байсан аж.
Мексикийн хэвлэлд, зорчигчдын жагсаалтад бичигдсэнээр онгоцны ослоор амиа алдагсад 19-57 насны хүмүүс байсан талаар мэдээлжээ. "Diario de Yucatan" сонины цахим хуудаст хохирогчдын дунд 55 настай, бизнесмен Луис Октавио Рейес Домингес эхнэр, гурван хүүхдийн хамт байсан хэмээн мэдээлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ