Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын XXIV хуралдаанаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн билээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хуралдааныг нээж “Шинээр томилогдсон Тэргүүлэгчдэд ажлын амжилт хүсье. Нийслэлийн иргэдтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, холбогдох байгуулллагад чиглэл өгч байдгаараа Тэргүүлэгчдийн хуралдаан чухал юм. Тиймээс хуралдааны дэгийг баримтлан ажиллахыг хүсье” гэв.
Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүний анхны хурлаар "Улаанбаатар спорт менежмент" ХХК байгуулах тухай, "Улаанбаатар хөгжлийн корпораци" ХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчилж, үйл ажиллагааны журамд нь өөрчлөлт оруулах тухай, "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" ХХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журам батлах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Налайх дүүрэг Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх саналыг дэмжих тухай, “Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэх журмыг шинэчлэн батлах журам”-ын төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэхийг дэмжих, Орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө бүртгэж авах, бүртгэлээс хасах тухай, шагналд тодорхойлох тухай зэрэг 14 асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, "Азийн хүүхдүүд 2020" олон улсын спортын VII их наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спорт наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Эдгээр наадмыг зохион байгуулахын тулд шаардлагатай барилга, байгууламжийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгө төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий нийслэлийн өмчит "Улаанбаатар спорт менежмент" хаалттай хувьцаат компани байгуулах нь зүйтэй гэж холбогдох албанаас үзэн, Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ талаар хэлэлцүүлж буй юм. Тэргүүлэгчдийн хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгын үеэр “Компанийн дүрмийг Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу боловсруулсан. Компанийн үүрэг нь тухайн наадмуудыг зохион байгуулах юм. Тухайн наадмуудыг зохион байгуулахад тодорхой санхүүжилт шаардагдана. Эх үүсвэрийг улс, нийслэлийн төсвөөс шийднэ. ТУЗ-д нь есөн гишүүн байна. Гурав нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, гурав нь наадам зохион байгуулах хорооны төлөөлөл байх юм. ТУЗ-ийн дарга нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байна гэж заасан. Компанийн удирдлага нь ТУЗ-өөс томилсон гүйцэтгэх захирал байна. Хэрэв компанид хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр хохирлыг барагдуулна” гэсэн юм.
Тэргүүлэгчид танилцуулгыг сонсоод тодруулга авсыг тоймлон хүргэе.
Тэргүүлэгч Б.Мөнхбат: -ТУЗ-ийн гишүүдэд тавих шаардлага ямар байх вэ. “Азийн хүүхдийн наадам”-ыг зохион байгуулах ажилд зарцуулахаар нийслэлээс төсөв тавьсан. Дахин нэмэх шаардлага бий юу?
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: -ТУЗ-ийн гишүүн холбогдох сургалтыг дүүргэж, гэрчилгээ авсан байх ёстой. 2019 оны төсөвт хүүхдийн бассейнд зориулж тодорхой хэсэгт нь хөрөнгө тавьсан. Барилга байгууламжид төсөв тавих, эсэхийг хэлж мэдэхгүй байна. Цогцолборын орчны тохижилтыг сайжруулах ажлыг нийслэл хариуцах болов уу.
Тэргүүлэгч Т.Цэрэнноров: -Спортын хоёр наадам дуусахаар тус компанийг татан буулгах уу?
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: Компанийн хөрөнгийг эзэнгүйдүүлэхгүйн тулд нийслэлийн өмчит байгууллага байгуулж байгаа юм. Наадмууд дуусахаар шууд татан буулгана гэж байхгүй.
Тэргүүлэгч Ш.Үнэнбат: -Засгийн газар ямар оролцоотой байх вэ. Оруулах хөрөнгө нь тодорхой болсон уу. "Олимпын хороо" зэрэг байгууллагыг үйл ажиллагаанд нь оруулах боломжтой юу. Дээрх компани тусгай зөвшөөрлөөр хийх ажлууд яригдана. Тусгай зөвшөөрлийн асуудлаа тогтоолын төсөлдөө тусгаж өгвөл зүгээр байна. 2023 он хүртэлх хугацаатайгаар байгуулах гэж байгаа юм байна. Зорилгоо байгуулсны дараа хувьчлах уу эсвэл хувьцаа эзэмшигч компани нь ажлыг үргэлжлүүлэх үү. Үйл ажиллагаа дууссаны дараа хувьцааг нь олон нийтэд худалдах уу.
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: -Засгийн газар 2019 оны төсвөөс тодорхой хөрөнгө гаргахгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэт үйлдвэр” компаниуд эхний ээлжид нийслэлтэй хамтран бассейн байгуулах юм. Дандаа улсын компани хөрөнгө оруулж байгаа тул нийслэлийн өмчит компани байгуулж байгаа юм. Наадмын үеэр 20 гаруй төрлийн тэмцээн болно. Тэгэхээр компани олон улсын түвшний үйл ажиллагаа явуулах нь гол юм. Тусгай зөвшөөрлийг компани байгуулсан хойно нь ярих ёстой. Хувьчлах асуудлыг 2023 оны үеийн хурал, хувьцаа эзэмшигч шийдэх байх. Олон нийтэд хувьцаагаа борлуулах бол компани байгуулсны дараа болон тодорхой үр дүнд хүрсний ярьж болох байх.
Тодруулга мэдээлэл авсны дараа Тэргүүлэгчид санал хэлсэн юм. Тухайлбал, Тэргүүлэгч Л.Нарантуяа “Энэ компанийг дээрх хоёр наадмыг зохион байгуулах зорилгоор байгуулж буй боловч цаашид олимпод оролцох баг тамирчнаа бэлдэх боломж бүрдүүлж байгаа ач холбогдолтой. Олимпын наадам нь хотоо хөгжүүлэх, эдийн засгаа бэхжүүлэх хөшүүрэг болдог. Тэгэхээр 2020 онд Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулах нь Улаанбаатарын хотын хөгжилд дэмтэй. Гэвч хугацааны хувьд тулгүй байна. Компани байгуулсны дараа ажлаа түргэвчлэх хэрэгтэй болов уу. Тиймээс хөрөнгийг нь яаралтай босгож, цогцолбороо олон улсын стандартын дагуу барих хэрэгтэй. Компанийн үйл ажиллагаанд амжилт хүсье” гэсэн юм. Мөн Тэргүүлэгч Ж.Батбаясгалан, Т.Цэрэнноров нар ТУЗ-ийн дарга нь нийслэлийн Засаг дарга байна гэсэн заалтыг өөрчилж нийслэлийн ИТХ-ын дарга байна гэсэн санал оруулсан юм. Уг саналыг Тэргүүлэгчид хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулан тогтоолын төслийг баталлаа.
Дашрамд дурдахад, "Азийн хүүхдүүд" олон улсын спортын их наадмыг тивийн хүүхэд багачуудаар дамжуулан улсуудын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дөрвөн жил тутам зохион байгуулдаг юм. Ирэх оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уг наадмыг зохион байгуулах товтой.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ