“Охиныхоо хоёр эрэгтэй хүнтэй авхуулсан зургийг харж байсан”

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Live“Охиныхоо хоёр эрэгтэй хүнтэй авхуулсан зургийг харж байсан”

“Охиныхоо хоёр эрэгтэй хүнтэй авхуулсан зургийг харж байсан”
16 : 03
2019-5-7

“Охиныхоо хоёр эрэгтэй хүнтэй авхуулсан зургийг харж байсан”

Малайзын төрийн өндөр албан тушаалтнуудын орчуулагчаар ажиллаж байгаад 2006 онд харамсалтайгаар амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн шүүх хурал хэсэг завсарласны эцэст өчигдөр /2019.05.07/ дахин эхэлсэн. Шүүх хуралд нэхэмжлэгчээр талийгаачийн эцэг С.Шаарийбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар оролцож, Малайзын Засгийн газраас 24 сая ам.долларын нөхөн төлбөр шаардаж байгаа билээ. Энэ хэргийг Малайзын ерөнхий сайдаар ажиллаж байсан Нажиб Разакийн хамгаалалтын албанд байсан цагдаагийн хоёр ажилтан үйлдсэн болох нь тогтоогдож, тэдэнд хожим цаазын ял оноосон ч тэд одоог хүртэл ялаа эдлээгүй яваа. Харин Нажибын хувьд талийгаачийг огт харж байгаагүй, танихгүй гэж мэдүүлсээр байгаа.

Өмнөх шүүх хурлууд дээр гэрчүүд Ш.Алтантуяаг Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разак болон түүний хамтрагч Багинда нартай Парист авхуулсан зургийг харж байсан хэмээн мэдүүлсэн. Тэгвэл өчигдрийн шүүх хурал дээр талийгаачийн аав С.Шаарийбуу тэрхүү зургийг нэг удаа харж байсан хэмээн мэдүүлжээ. Тодруулбал, С.Шаарийбуу гуайг ажил дээрээ байхад нь талийгаач охин нь ирэхдээ цүнхнээсээ хоёр эрэгтэй хүнтэй авхуулсан зураг хальт харуулсан гэв. Түүний энэхүү мэдүүлэг дээр үндэслэн шүүгдэгч талын өмгөөлөгч Норинна зурагны талаар лавлан асуухад тэрбээр ихэд бухимдсан байна.

Норинна: Тэр зураг хэр том зураг байсан бэ?

С.Шаарийбуу: Стандарт хэмжээ буюу 8:13см хэмжээтэй байсан.

Норинна: Ш.Алтантуяаг Малайз руу явсны дараа та тэднийд очсон уу, эсвэл хүүхдүүдийг нь гэртээ авчирсан уу?

С.Шаарийбуу: Би тэднийд очиж, хүүхдүүдийг нь харж байсан.

Норинна: Угаасаа тийм зураг байгаагүй юм биш үү?

С.Шаарийбуу: Энэ олон жилийн турш та нар бүгдээрээ надаас ижил асуулт асууж байна. Надаас асуухынхаа оронд яагаад тэр зураг дээр байгаа хүмүүсийг дуудаж, мөн эсэхийг нь асуухгүй байгаа юм бэ. Тухайн үед би тэр зургийг нэг л удаа хальт харсан. Тиймээс зарим зүйлийг сайн санахгүй байна. Хэрвээ тэр үед тийм чухал зураг байсныг мэдсэн бол аль хэдийн аваад хадгалчих байсан юм. Зөвхөн зураг ч биш бүх баримт сэлтүүдийг нь олж хадгалах байсан.

-Гэрч О.Бурмаа зургийг хуурамч гэж мэдүүлж байв-

Ш.Алтантуяагийн үеэл О.Бурмаа нэгдүгээр сард болсон шүүх хуралд гэрчээр оролцсон. Тэрбээр гэрчийн мэдүүлэг өгч байхдаа шүүх хурал дээр дэлгэсэн нотлох баримтууд дунд хавсаргасан энэ хэргийн гол захиалагч гэх Абдул Разак Багинда болон Малайзын экс ерөнхий сайд асан Нажиб Разак нартай талийгаач Ш.Алтантуяагийн Парист авхуулсан гэх зураг хуурамч байна гэж үзэж байгаагаа хэлсэн юм.“Хамгийн муу фотошоптсон зураг байна. Энэ нь 2005 онд Ш.Алтантуяагийн надад харуулсан зураг биш байна. Миний харсан зураг дээр дээрх гурван хүн гурвуулаа инээсэн байсан. Энэ зураг дээрх эмэгтэй ч Ш.Алтантуяа биш байна. Зүгээр л түүнтэй маш төстэй эмэгтэйн нүүрийг залгасан байна” гэжээ.

Харин эсрэг талын өмгөөлөгч Манжийт Сингх Диллон О.Бурмааг зурагны талаар анхнаасаа худал мэдүүлэг өгч байна гэж үзээд ийнхүү асуусан.

Манжийт: Та өмнөх мэдүүлэгтээ Ш.Алтантуяагаас зураг дээрх хоёр эрэгтэйн нэрийг асуусан гэж хэлсэн. Яагаад тэдний нэрийг асуусан юм бэ?

О.Бурмаа: Тухайн үед мэдүүлэг өгөхдөө би санаагаа буруу хэлсэн байна.

Манжийт: Та 2004-2005 онд Багинда болон Ш.Алтантуяа нартай гурван удаа уулзсан гэсэн мөртлөө 2005 онд тэр зургийг хараад Багинда болон экс ерөнхий сайдын нэрийг асуусан гэж байна.

О.Бурмаа: Тиймээ. Би мэдүүлэг өгөхдөө алдсан байна. Би тухайн үед ерөнхий сайд байсан Нажибыг танихгүй учраас түүний нэрийг асуусан гэж хэлэх гэж байсан юм.

Манжийт: Та худал ярьж байна.

О.Бурмаа: Тангараглая. Миний ярьсан бүх зүйл үнэн.

О.Бурмаа нь нэгдүгээр сарын 23-ны өдрийн шүүх хурал дээр мэдүүлэг өгөхдөө “Ш.Алтантуяагийн аллагын гол захиалагч гэгдээд байгаа Абдул Разак Багинда, Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак нартай хамт 2005 онд Парист авхуулсан зургаа талийгаач 2005 онд монгол дахь гэртээ байхдаа түүнд харуулж байсан. О.Бурмаа түүнээс зураг дээрх хоёр эрэгтэйг хэн болохыг асуухад Малайзын ерөнхий сайд Нажиб Разак болон түүний хамтрагч Абдул Разак Багинда гэж танилцуулсан. Зураг дээрх хоёр эр хоёулаа ижил Разак гэсэн овогтой болохоор нь би ах дүүс юм уу гэж асуухад зүгээр л найзууд, бизнесийн хамтрагчид гэж хэлж байсан. Харин дараа нь Ш.Алтантуяа Багинда гэгчтэй хайр сэтгэлийн холбоотой болох нь тодорхой болсон” хэмээн ярьжээ.

Мөн гэрч О.Бурмаа нь талийгаач Ш.Алтантуяа болон Багинда хоёртой 2004-2005 оны хооронд гурван ч удаа уулзаж байснаа өмнөх шүүх хурал дээр хэлсэн байна. О.Бурмааг 2004 онд Хонконгод байхад нь талийгаач бүсгүй Багиндатай хамт тэднийд амралтаараа зочилж байсан ба тухайн үед Багиндаг “найз” гэж хэлж байсан ч удалгүй дотно харилцаатай гэдгээ хэлсэн гэнэ. Үүний дараа О.Бурмаа болон Ш.Алтантуяа нар 2005 оны нэгдүгээр сард Хонгконгоос Шанхайд ирэхэд онгоцны буудал дээр Багинда тоссоноор тэд хоёр дахь удаагаа уулзжээ. Мөн оныхоо гуравдугаар сард Сингапурт О.Бурмааг очиход Алтантуяа, Багинда нар угтаж авснаар гурав дахь удаагийн уулзалт болсон байна.

Эх сурвалж: www.thestar.com.my

 

10 : 12
2019-5-7

“Охин минь байсан бол өнөөдөр 40 нас хүрэх байсан”

5b28a8c867c7b_vs

Одоогоос 13 жилийн өмнө Малайзын төрийн өндөр албан тушаалтнуудын орчуулагчаар ажиллаж байгаад хэрцгийгээр хөнөөгдсөн монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн хэргийг шүүх, хохирол нэхэмжлэх шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн. Хэдэн хоног үргэлжилсэн шүүх хурал хойшилж өчигдөр /2019.05.06/ дахин эхэлсэн юм. Шүүх хуралд хохирогчийн талыг төлөөлөн талийгаачийн аав С.Шаарийбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар оролцохоор тус улсад очжээ.

Талийгаачийн эцэг өдгөө 69 настай С.Шаарийбуу гуай Малайзын дээд шүүхийн танхимд шүүх хурал эхлэхийн өмнө “Хэрэв охин минь амьд байсан бол өнөөдөр 40 нас хүрэх байсан” гэж хэлээд охиных нь мэндэлсэн өдөр тохиож байгааг хүндэтгэж үзээд шүүх танхимд байгаа хүмүүсийг нэг минут дуугаа хураахыг хүссэн байна.

Талийгаачийн ар гэрийнхэн Малайзын Засгийн газраас 100 сая малайз ринггит буюу 24 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шаардаж байгаа төдийгүй хэргийн жинхэнэ захиалагчид болон аллагыг гардан гүйцэтгэсэн этгээдүүдэд тохирох шийтгэлийг нь оноохыг хүсч байгаа.

Талийгаач Ш.Алтантуяа нь Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разак, түүний туслах Абдул Разак Багинда нарын Франц улсаас шумбагч онгоц худалдан авах гэрээнд орчуулагчаар ажиллаж байгаад 2006 онд амиа алдсан. Энэ аллагыг Малайзын төр засгийн өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа экс ерөнхий сайд Нажиб Разак цаад захиалагч нь байж магадгүй гэж үздэг. Талийгаачийг ойд аваачин толгойд нь буудсаныхаа дараа биед нь цэргийн зориулалтын С-4 загварын тэсрэх бөмбөг бэхэлж, дэлбэлж, амийг нь хороосон байдаг. Р.Багинда нь улс төрийнхөнд танил тал ихтэй, улс дамнасан зэвсгийн наймаанд талийгаачийг дагуулж явдаг байсан, ээлжит нэгэн уулзалтынхаа үеэр орчуулга хийлгэсний дараа гэрчийг устгасан гэж үздэг юм.

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр 2015 онд өмнө нь Нажиб Разакын хамгаалалтыг хариуцаж байсан Малайзын цагдаагийн алба хаагч хоёр иргэнд цаазын ял оноосон. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан. Харин 2016 онд Малайзын шүүхээс цаазын ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байжээ.  Хэргийн жинхэнэ захиалагч хэмээн талийгаачийн ар гэрийнхний үзэж буй Багиндаг мөн баривчилсан ч  хэрэгт холбоотой гэх нотлох баримт хангалтгүй байсан гэх шалтгаанаар сулласан байдаг. Малайз руу оргон зайлсан этгээд Сирулыг өнгөрсөн хоёрдугаар сард Австрали улсаас албадан гаргасан. Тэрбээр өөрийгөө улс төрийн хэргийн золиос болсон хэмээн Австрали улсаас улс төрийн орогнол хүсээд байсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж