Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан “Bold 12 ертөнц” аялан тоглолтоо тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд хийжээ. Тэрбээр БНСУ-ын нийслэл Сөүл хот дахь тоглолтынхоо үеэр Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хэвтэн эмчлүүлж буй “Самсунг” эмнэлэгт очиж эргэн, эмчилгээнд нь хандив өгчээ.
Дуучин Д.Болд гэргийн хамт Э.Маргад-Эрдэнэ хүү дээр очсон тухайгаа фэйсбүүк хуудаснаа нийтэлж, хүүтэй болон аав, ээжтэй нь хамт зургаа авахуулжээ.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Сөүл хотод тоглолтоо хийчихээд өнөөдөр “Самсунг” эмнэлэг дээр Э.Маргад-Эрдэнэ дүүг эргэж очлоо. Бие нь өдрөөс өдөрт сайжирч байгаа юм байна. Ээж, аавтай, хүүтэй нь эхнэр бид хэд нэлээн ярьж суулаа. Одоо бас л их удаан эмчлүүлэх шаардлагатай юм байна. Аав, ээж хоёр нь хүүгийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралд нь бүх зүйлээ зориулжээ. Бахархаж байна. Тэдний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье. Солонгос улсад өчигдөр хүүхдийн баяр болсон. Дүүг уйдаж байгаа байх гээд тоглоом авч очлоо. Мөн эмчилгээний зардалд нь хандив өргөлөө” гэжээ.
Зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хувьд мэдрэлийн эсийн хорт хавдартай байсныг бөөрний хорт хавдар гэж буруу оношилсны улмаас химийн хүчтэй эмчилгээ хийлгэж, бөөрний хагалгаанд орж эрүүл мэндээрээ хохирсон талаар ар гэрийнхэн нь мэдээлж байсан. Хүүгийн эмчилгээний зардалд нийт хоёр жилийн хугацаатай 400 сая вон буюу манайхаар 900 сая төгрөг шаардагдах юм байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ