Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулна

Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн шүүгч нар хуралдаж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий шүүгчид нэр дэвшсэн Д.Ганзоригийг дэмжихгүй гэдэг хариултыг илэрхийлсэн бөгөөд өнөөдөр /2019.05.07/ Улсын дээд шүүхийн шүүгч нарын хуралдаан товлогджээ. Энэхүү хуралдаанаар өөр нэр дэвшигчийг тодруулахаар болсон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гурван нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс Х.Батсүрэн шүүгчийг дэмжиж байгаа гэх албан бус мэдээлэл байна.

Х.Батсүрэн нь 1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 54 настай, эрэгтэй. Х.Батсүрэн нь 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль, 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи, 1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн, 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр, 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус  ажиллаж байгаа. Шүүгчээр 15 жил ажиллаж байгаа нэгэн аж.

Ерөнхийлөгч ямар шалтгаанаар Д.Ганзоригоос татгалзсан нь тодорхойгүй ч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчдийн санал болгосон нэр дэвшигчийг томилохгүй байх, татгалзах эрх нь Ерөнхийлөгчид бий. Тодруулбал, тус хуулийн 15.2 "Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлах үзэж, томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг нь гаргана гэж заажээ.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлигийг гуравдугаар сарын 28-ны өдөр гаргасан. Ц.Зориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг нь хүлээн авч, чөлөөлөх зарлиг гаргасан билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж