НБА-н 2018-2019 оны улирал өндөрлөх шатандаа орж плэй-оффын 2-р шатны тоглолтууд үргэлжилж байна. Одоогийн байдлаар НБА-н 30 багаас ердөө 8 багийн улирал дуусаагүй, аваргын цомын төлөө өрсөлдөөнөө үргэлжлүүлж байгаа бол улирлаа өндөрлүүлсэн бусад багуудын хувьд ирэх жилийнхээ төлөвлөгөөндөө ороод байгаа. Энэ зун НБА-н солилцоо наймааны цонх нилээд сонирхолтой явагдаж магадгүй байна. Учир нь НБА-н энэ цаг үеийн нүүр царай болсон хэд хэдэн тоглогч чөлөөт агент болж байна. Ингээд энэ зун чөлөөт агент багийн эздийн анхаарлын төвд орж, багт нь цом авч ирэх магадлалтай гэж найдлага тээж буй ТОМчуудыг танилцуулъя. Сонирхолтой нь энэ зун сүүлийн үеийн алдартай драфтуудын нэг болох 2011 оны драфтын “анги”-н залуус болох К.Ирвинг, К.Уокер, К.Томпсон, К.Леонард, К.Батлер, Н.Вучевич нарын залуус чөлөөт агент болж байна.
- К.ДЮРАНТ (ГОЛДЕН СТЭЙТ УОРРИОРС БАГ)
Энэ зуны чөлөөт агентын зах зээл дээрх хамгийн том нэр бол мэдээж К.Дюрант байна. К.Дюрант 2016 оны зун Оклахома Сити Тандер багаа орхин Голден Стэйт Уорриорс багт ирснээр 2 улирал дараалан НБА-н аваргын цом хүртэсний зэрэгцээ хоёуланд нь финалын үнэ цэнэтэй тоглогч болсон. Түүний хувьд магадгүй 3 дахь удаагаа аваргын цомыг хүртээд багаа орхих төлөвлөгөөтэй байхыг үгүйсгэхгүй юм. К.Дюрантын дараагийн очих баг бол Америкийн хамгийн том хот болох Нью-Йорк хотын Нью-Йорк Никс гэж үзэж байгаа. Энэ нь ч учиртай биз. Түүнийг Оклахомад аварга авч чадаагүй тул багаа орхиж С.Карри, К.Томпсон, Д.Грийн нартай нийлэн “бараг” хүчээр аварга авсан гэж өөнтөглөх хүмүүс захаасаа аваад олон бий. Тэгвэл К.Дюрант энэ яриаг үгүй хийхийн тулд, өөрийн багаа бүрдүүлэн аваргын цомыг өргөх хүслээр Никст ирж болох юм.
- К.ЛЕОНАРД (ТОРОНТО РЭПТОРС БАГ)
Өнгөрсөн зун дуулиантайгаар Канадын багтай нэгдэж байсан К.Леонард энэ улирал чөлөөт агент болж байна. Багийн лидер К.Лауригаас илүү багтаа чухал нөлөө үзүүлж буй К.Леонардыг баг нь авч үлдэх хүсэл дүүрэн байгаа болов уу? Харин энэ улирлыг ямар амжилттай өндөрлүүлэхээс их зүйл шалтгаална. Хэрвээ хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй бол, үгүй ядаж бүсийн аварга болж чадахгүй бол К.Леонард Нэгдсэн Улсын баруун эргийг зорихыг үгүйсгэхгүй юм. Дан ганц Лос-Анжелес Клипперс К.Леонардыг авахыг хүсэж байгаа биш. Брүүклин Нэтс багийн нэр ч дуулдаж байгаа. Хэрвээ аваргын бөгжгүй, үгүй ядаж бүсийн аварга болж чадахгүй бол хүйтэн сэрүүн Торонто хот К.Леонардыг дулаан газар руу явах шалтгаан болж болох юм.
- К.ИРВИНГ (БОСТОН СЕЛТИКС БАГ)
Лигийн хамгийн шилдэг холбон тоглогчийн нэг бол яалт ч үгүй К.Ирвинг юм. Түүн шиг тоглогчийг багтаа тоглуулахыг хүсэхгүй НБА-н дасгалжуулагч, багийн эзэд байхгүй л болов уу? “Супер стар” тоглогчтой ч хамтрагч байж үзсэн, НБА-н аваргын бөгжийг зүүгээд үзсэн К.Ирвинг “супер стар” байхгүй багт ч сайн тоглож чадна гэдгээ харуулсан. Тэр бол ямар ч багт, ямар ч залуустай хамт нэг баг болж, бөмбөгийг гартаа авсан тохиолдолд юуг ч хийж чадах тийм л тоглогч юм. Бостон Селтикс баг лигийн хүчирхэг баг болж чадсан ч өнгөрсөн улирал бий болсон багийн дотоод уур амьсгал К.Ирвингийг багаа орхиход хүргэж болох талтай. Хэрвээ тэр багаа орхиход хүрвэл Нью-Йорк хотод очиж магадгүй юм.
- К.УОКЕР (ШАРЛОТТ ХОРНЕТС БАГ)
Түүнийг ямар шилдэг тоглогч болохыг сүүлийн жилүүдэд хангалттай харж байна. К.Уокерын оноо авах чадвар жилээс жилд өссөөр байгаа. Мөн түүний тоглолтыг дуусгах хожлын шидэлтийг ямар сайн гүйцэтгэж байгааг харж байна. Ийм түүнийг авах сонирхолтой багууд олон байгаа. Хэдийгээр өөрөө элит түвшинд тоглож байгаа ч баг нь дорвитой өөрчлөлт хийхгүй бол К.Уокерыг удаан тогтоон барихад хэцүү байх болно. Кембаг багтаа авах хүсэлтэй багуудын тэргүүн эгнээнд Техасын Даллас Маверикс баг бичигдэж байгаа бол тэдний араас Нью-Йорк Никс, Индиана Пейсерс багууд бичигдэж байна.
- К.ТОМПСОН (ГОЛДЕН СТЭЙТ УОРРИОРС БАГ)
Энэ зун багаа орхиж магадгүй тоглогч бол К.Томпсон. Магадгүй үүнд эргэлзэх нэгэн байж болох ч К.Томпсон цалингаа багадаа 30-40 хувиар нэмүүлэх хүсэлтэй байгаа. Тэр шилдэг оноо түүгч, бас чамгүй хамгаалагч, багийн лидерийн нэг боловч ердөө 18.9 сая ам.долларын цалин авч байгаа нь түүнд хангалтгүй байх шалтгаан юм. Багт үзүүлж буй тоглолтын эерэг нөлөө нь өндөр К.Томпсон шиг тоглогч дундаж түвшний тоглогчийн цалин аваад байхыг хүсэхгүй л болов уу? Ямартаа ч энэ зун цалингаа нэмүүлж чадахгүй бол, баг нь түүнийг цалинг хангалттай түвшинд нэмж чадахгүй бол К.Томпсоныг ирэх улирал өөр багт харахыг үгүйсгэхгүй байна. Ер нь Голден Стэйт Уорриорс багийн задрал К.Томпсон багаа орхихоо эхлэж ч болох юм.
- Ж.БАТЛЕР (ФИЛАДЕЛЬФИА76 БАГ)
К.Леонард, Р.Гобер, Д.Грийн нараас дутуугүй лигийн шилдэг хамгаалагч бол Ж.Батлер. Хамгаалалт сайтай, нэг тоглолтонд 20 оноо дундажлах чадвартай Ж.Батлерыг энэ зун багаа орхих магадлалтай тоглогчоор нэрлэж байна. Учир нь Фили бол Ж.Эмбийд, Б.Симмонс нарын баг гэвэл нэг их буруудахгүй байх. Түүнийг Никс, Нетс болон Клипперс багууд сонирхож байгаа тухай мэдээ гарсан. Хэрвээ Ж.Батлер багтаа үлдэх болвол цалингаа нэмүүлэхийг хүснэ.
- Д.КАУЗИНС (ГОЛДЕН СТЭЙТ УОРРИОРС БАГ)
Энэ тамирчны ирээдүй тун бүрхэг болж байх шиг. Сүүлийн жилүүдэд түүний карьерт бэртэл маш том саад болж байна. Өнгөрсөн зун Нью-Орлеан Пеликанс багийн санал болгосон гэрээнээс татгалзаж Голден Стэйт Уорриорс багтай нэг жилийн гэрээ байгуулсан. Улирлын ихэнхийг талбайн гадна өнгөрүүлсэн Д.Каузинс багтайгаа нэгдээд удаагүй плэй-офф эхлэхтэй зэрэгцэн бас дахин бэртэл авч улирлаа дуусгаад байна. Бэртэлтэй түүнтэй баг нь шинэ гэрээ байгуулна гэхэд эргэлзээтэй. Магадгүй дахин бага цалингаар гэрээ байгуулж болох юм.
- К.ПОРЗИНГС (ДАЛЛАС МАВЕРИКС БАГ)
Өнгөрсөн өвлийн солилцоогоор Даллас Маверикс багтай нэгдэж байсан К.Порзингсын гэрээ дуусаж байгаа. Гэхдээ Кристапс Далласт үлдэх болов уу? Учир нь багийн эзэн М.Кубан түүнийг удаан хугацаагаар багтаа тоглуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. Д.Новицки зодог тайлсан. Мөн энэ зун К.Рэндольф, Жей.Жей.Бареа, Д.Харрис нарын гэрээ дуусаж байгаа тул цалингийн зай гарна. Иймд К.Порзингс энэ зун өөр багийн эрэлд гарах шаардлага байхгүй л болов уу? Магадгүй бэртэл, гэмтлээс эргэн ирвэл Л.Дончичтой хамтран Даллас Маверикс багт Евро сагсан бөмбөгийн хэв маягийг бий болгохыг үгүйсгэхгүй юм.
- К.МИДДЛЕТОН (МИЛОУКИ БАКС БАГ)
Сүүлийн 2 жил нээлт болж буй тоглогч бол К.Миддлетон гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу? Үүнийг илтгэх мэт энэ жилийн бүх-оддын тоглолтонд К.Миддлетон анх удаагаа сонгогдсон. Өдгөө тэр Яннис, Э.Блецо нарын хамтаар хүчирхэг Милоуки Бакс багийн гол тоглогчийн нэг болоод байна. Баг нь гайхалтай өсөж дэвжиж, ирээдүй нь гэрэлтэй байгаа энэ үед багийн түлхүүр тоглогчоо Милоуки Бакс баг авч үлдэх болов уу? Хамгийн гол нь К.Миддлетон цалингаа нэмүүлэх хүсэл байгаа байх.
- М.ГАЗОЛ (ТОРОНТО РЭПТОРС БАГ)
Испани залуу М.Газол 5 дээр тоглодог гэхэд шидэлт болон дамжуулалтын чадвар өндөртэй тоглогч юм. Ийм түүнийг Торонто Рэпторс баг бүрэн ашиглахыг хүсэж байгаа нь дамжиггүй. Тийм ч учраас өндөр үнэтэй гэрээ хийн багтаа нэгтгэсэн. Гэхдээ энэ зундаа баг нь ямар ч амжилт үзүүлсэн үлдэх болов уу?
- Т.Харрис (Филадельфиа76 баг)
- Д.Рассель (Брүүклин Нэтс баг)
- Н.Вучевич (Орландо Мэжик баг)
- А.Хорфорд (Бостон Селтикс баг)
- Б.Богданович (Индиана Пейсерс баг)
- Д.Жордан (Нью-Йорк Никс баг)
- Б.Лопез (Милоуки Бакс баг)
- М.Брогдон (Милоуки Бакс баг)
- П.Милсап (Денвер Наггетс баг)
- Р.Гэй (Сан-Антониос Спөрс баг)
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ