Хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар хүүтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар хүүтэй болжээ

Хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар хүүтэй болжээ

Их Британийн хунтайж Харригийн эхнэр, гүнгийн авхай Меган Маркл өчигдөр /2019.05.06/ орон нутгийн цагаар 05.26 цагт амаржиж, удаан хүлээлгэсэн хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн мэндэлжээ. Хунтайж Харри 3.2 кг хүүтэй болсноо зарлаж, бүхий л хугацаанд гэр бүлийг нь дэмжиж, шинэхэн гишүүнийг сэтгэл догдлон хүлээсэн ард түмэндээ талархлаа илэрхийлсэн байна. Америк гаралтай гүнгийн авхай Меган Маркл төрөх хугацаа нь өнгөрч бага зэрэг илүү тээлттэй байсан ч энх тунх амаржжээ. Гэнхдээ хүүгээ яг хаана төрүүлсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Хааны удмынхан Гэгээн Мэригийн эмнэлэгт амаржиж ирсэн уламжлалтай ч Харри болон түүний эхнэр энэхүү уламжлалыг зөрчин, олон нийтийн хараанаас хол байхын тулд гэртээ амаржина гэсэн мэдээлэл гараад байсан билээ.

ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МӨЧ

Шинэхэн аав хунтайж Харри сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Би өмнө нь эмэгтэй хүн төрөхийг харж байгаагүй ээ. Анх удаа л ийм гайхалтай зүйлийг харлаа. Амьдралдаа мэдэрсэн хамгийн гайхалтай мэдрэмж байлаа. Эхнэрээрээ үнэхээр их бахархаж байна. Энэ хорвоогийн бүх эцэг, эхчүүдэд хандаж хүүхэд бүр гайхамшиг гэж хэлмээр байна. Миний сэтгэл санаа бараг саран дээр байх шиг байна. Мөн эмэгтэй хүн ямар их хариуцлага үүрдгийг мэдэрлээ” хэмээн хэлсэн байна.

ХҮҮ ДАВХАР ИРГЭНШИЛТЭЙ БАЙНА

Харри, Меган нарын хүү нь хатан хааны угсааны долоо дахь үе, хатан хаан хоёрдугаар Элизабетын найм дахь гуч, Диани гүнж, хунтайж Чарлес нарын дөрөв дэх ач болж байгаа юм. Хатан хааны шинэхэн ач хүү давхар иргэншилтэй байна. Учир нь хүүгийн ээж Меган Маркл Америк хүн. Тиймээс хүү АНУ болон Их Британийн иргэншилтэй байх юм. Хүүгийн нэрийг 10 хоногийн дотор өгөх ёстой ба шинэхэн аав Харри хараахан нэрийг нь сонгоогүй байгаа гэв. Мөн хүүг маргааш буюу лхагва гаригт /2019.05.08/ олон нийтэд анх удаа харуулах юм байна.

 

ХААНЫ УДМЫНХАН, МЕГАН МАРКЛЫН ГЭР БҮЛИЙНХЭН БАЯР ХҮРГЭВ

Меган Марклийг амаржсаны дараа Букингемийн ордны гадна албан ёсны мэдэгдэл гаргаж байршуулсан ба хатан хаан болон түүний гэр бүлийнхэн ханхүү Харригийн гэр бүлд баяр хүргэж байгааг уламжилжээ. Хунтайж Харригийн нагац ах, Диана гүнжийн дүү Чарлес Спенсер “Өнөөдөр маш сайхан мэдээ сонслоо. Харригийн гэр бүлд маш том баяр хүргэе” хэмэээн твиттертээ жиргэсэн байна.

Мөн шинэхэн өвөө, Меган Марклийн аав Томас Маркл Мексикээс “Их Британийн хааны удамд миний ач хүү мэндэлсэнд маш их баяртай байна. Ач хүүгээ Британийн ард түмний хайр энэрлийг даасан, тэдний төлөө сэтгэл зүрхээ зориулсан мундаг хүн болоосой гэж хүсч байна” хэмээн баяр хүргэн мэндчилжээ.

Хатан хааны гэр бүлийн шинэ гишүүнийг мэндлэхийг тэсэн ядан хүлээсэн Харригийн гэр бүлийн фэнүүд болон хэвлэл мэдээллийнхэн бямба гаригаас /2019.05.04/ эхлэн Уиндсорын шилтгээний гадаа буудаллан хоноглож эхэлсэн байна.

ХҮҮ ӨНГӨТ АРЬСТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ

Ханхүү Харриг Африк-Америк бүсгүйтэй хайр сэтгэлтэй болж, удалгүй хуримаа хийж, хүүхэдтэй болсноос хойш дэлхийн хэвлэл мэдээллүүдийн хамгийн их бичсэн, мөн хүмүүсийн хамгийн их сонирхож байсан зүйл бол хүүхдийн арьсны өнгө. Генетикчдийн таамаглаж байгаагаар Их Британийн хунтайжийн хүүхэд өнгөт арьстай төрөх магадлал өндөр гэнэ. Меган Маркл аавынхаа талаас Англи, Ирланд, Герман цустай бол ээж нь африк-америк хүн юм. Бүсгүйд эцэг, эхээс нь бараан өнгийн буржгар үс, бор нүд өвлөгджээ. Харин хунтайж Харри цайвар арьстай, европ төрхтэй, цэнхэр нүд, буржгар үстэй билээ.

Генетикч нар тэдний дундаас төрөх хүүхдийн нүдний өнгийг 100 хувь баттай хэлж чадахгүй ч арьс нь цагаан биш байх нь тодорхой гэжээ. Өнгөт арьсны ген нь цагаан арьсныхыг давамгайлдаг учир Харри, Меган нар өнгөт арьстай хүүхэдтэй болох өндөр магадлалтай аж. Ерөнхийдөө хүүхдийн царайны төрх нь Африк-Америк хүмүүстэй төстэй байна гэж таамагласан байна.

ХАРРИ, МЕГАН НАРЫН ХАРИЛЦААНЫ ТҮҮХ

  • 2016.11.08 – Кенсингтоны ордноос Ханхүү Харри Америк жүжигчин Меган Марклтай болзож байгаа талаар албан ёсоор мэдээлэв.
  • 2017.11.28 – Хунтайж Харри, Меган Маркл нар сүй тавив.
  • 2017.12.15 – Кенсингтоны ордноос хос хуримаа 2018 оны тавдугаар сарын 19-нд хийхээр товлосон тухай зарлав.
  • 2018.05.19 – Гэгээн Жоржийн сүмд 600 гаруй зочидтой хурим сүр дуулиантайгаар болж, тэдний хуримыг дэлхий даяар гайхан биширч байв.
  • 2018.10.19 – Кенсингтоны ордноос гүнгийн авхай Меган Маркл бие давхар болсныг зарлав.
  • 2019.05.06 – Хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар хүүтэй болов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж