Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

76:1

Амбицгүй сайд

Амбицгүй сайд

"News" агентлаг 76:1  буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн,  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг онцолж байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд мэргэжлийн цөөхөн сайдын нэг гэж тодотгож болох Д.Цогтбаатар сайд 1994 онд ажил, хөдөлмөрийн гараагаа Гадаад харилцааны яамны мэргэжилтнээс эхлээд Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж,  өдгөө хариуцаж яваа салбарынхаа эд эс бүрийг сайн мэдэх нэгэн. Түүнийг намынхан нь өндөр боловсролтой, намынхаа уураг тархи болсон гишүүдийн нэг гэж дүгнэх юм билээ.

Төрийн албанд 20 гаруй жил ажилласан тэрбээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр нарын гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсын ерөнхий сайд асан С.Батболдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд зэрэг төрийн хариуцлагатай өндөр албан тушаалыг хашиж ирсэн мэргэжлийн дипломатч. 2016 оноос УИХ-ын гишүүнээр, 2017 оноос Гадаад харилцааны яамны сайдаар сонгогдон ажиллаж байна.

Өмнө нь энэ салбарыг удирдаж байсан туршлагатай улстөрч. Мэргэжлийн хуульч, дипломат ч гэж болно. Зөөлөн аядуу үзэлтэй тэрбээр тэр бүр улс төрийн хувьд идэвхтэй байр суурь илэрхийлж "амбицлаад" яваад байдаггүй.  Энэ нь мэргэжилтэй нь  шууд холбоотой биз ээ. Дипломат хүн нэг ч илүү үг хэлдэггүй, үг бүр нь асар их утга агуулдаг онцлогтой мэргэжил. Энэ утгаараа асуудлыг тайван байдлаар төвийг сахисан шийдвэр гаргах нь олонх.

Одоогийн удирдаж буй салбар нь гэсэн ч ийм онцлогтой,  Монгол Улсын гадаад бодлогын цонх, төвийг сахисан салбар. Өнөөдрийн цаг үед Гадаад харилцааны албыг Д.Цогтбаатар мэргэшсэн, сэтгэл хөөрлөөр асуудалд ханддаггүй ийм хүн хийх нь зөв байх. Тэрбээр гадаад харилцаанд ч  нэр нөлөө сайнтай.

Гадаад харилцааны салбар өдгөө гадаад орчинд  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Д.Цогтбаатар сайдын хувьд Улаанбаатар хотод аль болох олон Элчин сайдын яам байгуулах нь зөв гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын олон улсын харилцаа Улаанбаатарт төвлөрч, бодит төлөөлөлтэй байх нь манай хөгжил дэвшил, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг зангиддаг гэж үзэн Улаанбаатарт нээгдсэн нэг ч гэсэн Элчин сайдын яам хаагдах ёсгүй гэсэн байр суурийг тэрбээр баримталдаг.

Түүнчлэн Беларусь улсад Элчин сайдын яам нээх, Шанхай хотноо Ерөнхий консулын газар нээх  зэрэг асуудалд идэвхийлэн ажиллаж буй. Тэрбээр ойрын хугацаанд 10 гаруй улсад томилох Элчин сайд нарын нэрсийг намын бүлэгтээ оруулж ирэх бөгөөд тус томилгооноос хэр “гярхай”,  хүнээ олж харж чаддаг сайд вэ гэдэг нь харагдах биз ээ. Элчин сайд нарын нэрс удаан хугацаанд ч  яригдаж энэ хэрээр олны анхааралд өртөх томилгоо болох нь тодорхой.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар дөрвөн  ширхэг автомашины зогсоолтой боловч ганц ч машингүй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Тэрбумын үнэлгээтэй дөрвөн орон сууцтай. Жилийн 27 сая төгрөгийн орлоготой, орлоготойгоо дүйцэхүйц хэмжээний зээлтэй.  Гадаад харилцааны сайдаар ажиллаж эхэлснээр тэр 2017 онд 31 сая, 2018 онд 27 сая төгрөгийн жилийн орлого олжээ. Харин түүний гэр бүл жилийн 168 сая төгрөгийн орлого олдог тухай  ХОМ-дээ мэдүүлсэн.  Энэ бүхнийг дурдсаны шалтгаан нь төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө рүү илүү хараад байхааргүй гэдгийг хэлэх гэсэн санаа. Одоо цагт улстөрчдөд энэ үзүүлэлт хамгийн чухал болчхоод байна.

Түүний нэр холбогдсон нэг асуудал бол оффшор данс. 2016 оны тавдугаар сард уг асуудалд холбогдож байсан бөгөөд тухайн үед хэвлэлийн бага хурал зарлан үгүйсгэж байсан юм. Оффшорт холбогдсон гэж л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хаа нэгтээ гардаг болохоос биш “Оффшор дахь мөнгө нь энэ байна” гээд гаргаад тавьсан нэг ч баримт үнэндээ байдаггүй. Бусдаар бол Д.Цогтбаатар нь энэ Засгийн газрын мэргэжлийн сайд, гадаад харилцааг өндөр түвшинд удирдаж буй гэж хүмүүс дүгнэдэг.

Тэрбээр 2014 онд Барилга хот байгуулалтын сайдын албыг найман сарын хугацаанд хашиж байв. Энэ богино хугацаанд Засгийн газраас бага дунд орлоготой иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг анхлан хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь олон иргэдийн сэтгэлд нийцсэн иргэндээ наалдсан сайн хөтөлбөр болж чадсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1988 онд 16 дугаар орос дунд сургууль
  • 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
  • 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
  • 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
  • 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
  • 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
  • 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд
  • 2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Хүний эрхийн дэд хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

ШАГНАЛ:

  • 2005 онд Алтангадас одон
  • 2011 онд Ардын хувьсгалын ойн медаль
  • 2010 онд Төрийн албаны тэргүүний ажилтан
  • 2012 онд Санхүү банкны тэргүүний ажилтан
  • 2011 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос, Кхмер, Тай

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж