Хэдхэн жилийн өмнө нийслэлийнхний нүдийг хужирлаж, саарал хотыг чимж байсан “мөнх” ногоон модод өдгөө амь гэх өнгө үлдэлгүй шарлажээ. Энэ бол Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам дагуу тарьсан нарс амьдрах чадваргүй болсон нь энэ юм. Уг нь өнгөрсөн өвөл эдгээр моддыг гялгар уутаар ороож хэрдээ л өвлийн тэсгим хүйтэн, нүүрсний утаанаас хамгаалахыг оролдсон ч үр дүнгээ өгсөнгүй. Эсрэгээрээ гялгар уутаар ороосон модод нь амьдрах чадваргүй болж ургадаггүйг мод үржүүлгийн мэргэжилтнүүд хэлж байна.
“Хот, нийтийн аж ахуйн онцлох 225 ажил” тайланд 2017 оны есдүгээр сард Тасганы овооноос Баянбүрд хүртэл 4-6 метр өндөр нарс мод 145 ширхгийг суулгасан гэж тэмдэглэжээ.
Сэрүүн Дунбарай ХХК-ны ерөнхий инженер Ц.Чанцалдулам:
-Миний хувьд 30 орчим жил мод тарьж байна. Мод ургуулна, тарина гэдэг маш хүнд хөдөлмөр бас шинжлэх ухаан байдаг. Миний бодлоор модыг ургуулна гэж гялгар уутаар ороох бус өвөл усаар шүршиж угаасан бол илүү амьдрах байсан. Гялгар уутаар боосон моднууд ихэвчлэн унаж байна гэж хүмүүс ярих юм билээ. Энэ арга бол маш буруу. Тухайлбал, нарс мод шилмүүсээ гөвсөн л бол дахиж амьдрахад бэрх. Гоёл болох нь бүү хэл үхэж байгаа юм. Хэрэв ууландаа байсан бол одоо ч үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байна шүү дээ. Уулнаас мод авчирч байгаа юм бол маш сайн бордож, хамгаалалт хийж өгөх ёстой. Уулнаас мод авчирч, үхүүлсэн хүмүүс ямар хариуцлага хүлээдэггүй. Эх орны минь уул тэднээс хариуцлага нэхэж чадахгүйтэй л холбоотой. Ер нь уулнаас мод авчирч үхүүлэхийн оронд мод үржүүлэгч аж ахуйн нэгж компаниудаа дэмжиж ажиллаасай. Улсаас жил бүр ногоон байгууламжид өчнөөн мөнгө төсөвлөж, тендер зарладаг ч бид нарыг оруулдаггүй, оролцох боломж нь ч хомс байдаг:
“Мөнх ногоон мод” компанийн менежер Л.Ичинхорлоо:
Ойгоос авчирсан модод амьдрах чадваргүй байдаг. Зөвхөн биднээс гадна хүмүүс бүгд л мэднэ. Мод авчраад л хэдэн талаас нь түшүүлчихсэн байдаг. Улсын төсвөөс мөнгө аваад л уулнаас мод авчирдаг. Мод нь хотод үхэж байна. Мөнгө үрж, мод үхүүлж зарлага хийж байна шүү дээ. Бас хүлэмжинд тарьсан мод амьдрах чадваргүй. Мэдээж уутаар модыг ороох нь буруу. Цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэргүй. Тогтмол усалгаагүй модод үхдэг. Задгай талбайд тарьж буй модод хаана ч тарьсан амьдрах чадвартай шүү дээ. Хайлаас улиас бут сөөгийг арчилбал маш сайн ургадаг. Төрөөс мод үржүүлэгчдээ дэмжиж мод бут сөөг зарах үзэсгэлэн худалдааг илүү өргөжүүлэх хэрэгтэй. Ойгоос мод авчирч үхүүлж байгаа хүмүүст мөнгө зарцуулахаас илүү газар шороотой хутгалдаж хүнд ажил хийж байгаа хүмүүсээ урамшуулбал, ногоон байгууламж ч сайжирна. Модны үнэ ч хямдарна.
Мод үржүүлэгч Б.Мөнхгэрэл:
Би эм зүйч, эмийн ургамал мэргэжилтэй. Сүүлийн 15 жил өөрийн сонирхлоороо мод тарьж байна. Мод бол хүүхэд шиг арчилгаатай. Уутаар ороосноор ургалтыг дэмжихгүй харин ч амьдрах чадваргүй болгож байна гэсэн үг. Модыг уутаар ороосноор амьсгалыг нь хааж байгаа юм. Бидэнтэй л адил амьсгалж байдаг. Тэрбүү хэл хадагаар ороох маш буруу. Модыг төлжүүлж, хөгжүүлэх ёстой. Уулын модыг нийслэлд авчраад үхүүлж, байгаль экологид дайсагнаж байна. Ой модны хөрс нь маш өөр шүү дээ. Ийм тусгай орчин, хөрс, нөхцөлийг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрдүүлэхгүйгээр уулнаас авчирсан нас бие гүйцэж байгаа залуухан моддыг газар ухаж, тогтоочихоод нэг удаа усласнаар ногоон байгууламжтай болохгүй. Ийм арга барил хоцрогдчихоод байна. Ядаж урд хөршөөсөө суралцах хэрэгтэй. Байгалийг сүйтгэж мод оршуулж байна шүү дээ гэлээ.
БОАЖЯ-наас зохион байгуулж буй мод бут сөөгний үзэсгэлэн худалдааны үеэр дээрх мод үржүүлгийн мэргэжилтнүүдтэй цөөн хором ярилцсан нь энэ юм. Тус үзэсгэлэнд Ялалтын талбайд 14 хоног үргэлжлэх бөгөөд улсын хэмжээнд мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуй нэгж компаниуд оролцож байна. Улиас, хайлаас, бут, сөөг, интоор, чацаргана, үхрийн мод зэрэг 20 гаруй төрлийн модыг энд худалдаалж байгаа аж. Хамгийн хямд нь 600 төгрөг бол үнэтэй нь 6500 төгрөг хүртэл байна.
Мэргэжилтнүүдийн хийсэн тооцооллоор 2016-2017 онд Улаанбаатар хотын зөвхөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4081 ширхэг үнэт зүйлийн шилмүүст модыг ойгоос шилжүүлэн суулгажээ. Энэ нь барагцаалбал 15 га залуу ойтой (хөрстэй) тэнцэх юм. Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий 126 гудамж бий. Тэдгээрийн тохижилт арчилгаанд жилд 5.8 тэрбум төгрөг төсөвлөж, Хот тохижилтын газар болон дүүрэг хувийн хэвшлийн 131 аж ахуй нэгжтэй төр, хувийн хэвшлийн зарчмаар хуваарилан өгдөг байна. Нийт төсвийн 50 гаруй хувийг Хот тохижилтын газар зарцуулдаг аж.
ЭНЭ ЖИЛ 100 МЯНГАН МОД ШИНЭЭР ТАРИНА
Нийслэлийн Хот тохижилтын газрын Ногоон байгууламжийн газрын дарга Д.Батцэцэг:
-Нийслэлд ногоон байгууламжийг хариуцдаг хамгийн том газар нь манай Хот тохижилтын газар. Нийт 136 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ногоон байгууламжийн алба үйл ажиллагаа явуулж байна. Хотын 50.4 га талбайн арчилгаа усалгааг хийдэг. Нийслэлийн зургаан дүүргийн 43 байршилд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид арчилгаа усалгаа нөхөн тарилт гээд тохижилт ногоон байгууламжийг хариуцдаг. Гэхдээ, төв хэсэг буюу Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамж, Нийслэлийн өргөн чөлөө буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын гудамж зэрэгт ажиллаж, хаврын үзлэг тооллогоор бүх моддыг үзэж, тарих моднуудын тоо төлөвлөлтийг гаргадаг. Ер нь мод бутны тоо маш их байна. Энэ жил 100 орчим мянган мод тарихаар төлөвлөсөн. Эдгээр мод уулнаас авчирсан мододтой огт хамаарахгүй. Хүлэмжийн ч мод биш. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор нээлттэй тендер зарлаж, мод үржүүлэгчдээс цаг уур, хөрсөнд нь тохирсон моддыг сонгож авдаг. Үндсэндээ мод үржүүлгийн мод гэсэн үг. Манай байгууллага ч бас 1.5 га мод үржүүлгийн газартай. Цаг уур, хөрсөнд нь тохирсон модыг тарих нь маш чухал ач холбогдолтой. Ер нь, 2-3 метр өндөртэй, нийтийн эзэмшлийн гудамж талбайн стандартад нийцсэн моддыг тарих ёстой. Стандартад 1.5-3.5 м өндөртэй мод тарина гэж заасан байгаа. Иймд энэ дагуу л модоо хүлээн авч, тарьж байна. Бид 2013 оноос гоёлын цэцэглэдэг моднуудыг тарьж эхэлж байгаа юм. Үүнээс өмнө ногоон масс үүсгэдэг том моднууд тарьж байсан. Ногоон байгууламжийг төлөвлөлттэйгээр л явуулж байна. Манайхаас гадна нийслэлийн захирагчийн ажлын албанаас тендер зарлагдаж том нарс модод таригддаг. Харин уулнаас мод авчирч тарина гэдэг бол их өөр ойлголт. Нэгдүгээрт хуулиар хориглосон. Ойг цэвэрлэх зориулалтаар л модыг авдаг. Хотод таригдаж байгаа модыг нийслэлийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний компаниуд болон хувийн аж ахуйн нэгж компаниуд Нийслэлийн захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан ажилладаг. Ер нь стандартад заасны дагуу уулаас мод авчирч суулгаж болно. Ойн тухай хууль зөрчиж мод тарьж болохгүй.
Тасганы овооноос Баянбүрд хүртэл таригдсан модыг Нийслэлийн захирагчийн ажлын алба мэднэ. Манайх хариуцахгүй. Мод арчилгааг жилийн дөрвөн улиралд хийх ёстой. Уутаар бүрэх нь зохимжгүй.
Шилмүүст төрлийн том модод нь шилжүүлэн суулгаснаас хойш 2-5 жилийн хугацаанд өөрийн модлогт агуулагдах шим тэжээлээр амьдрах чадвартай тул хотын орчинд дасан зохицож байгаа мэт ойлголт төрүүлдэг байна.
Ойн салбарынхны үзэж буйгаар Монгол орны эрс тэс уур амьсгал бүхий хот суурин газарт навчаа гээдэг, чимэглэлийн, цэцэглэдэг, навчит төрлийн мод, сөөгний төрлийн ургамал зохимжтой гэнэ. Ялангуяа хөрс, агаарын асар их бохирдолтой хотын хувьд хамгийн оновчтой шийдэл нь энэ. Тэрчлэн гадаадын орнуудын туршлагыг харахад, хотоо ногооруулахын тулд байгалийн ойгоос аль сайныг нь ухаж авчраад суулгадаг жишиг нэг ч үгүй.
Холбоотой мэдээ