Хятад ямар хариу барих бол…

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Хятад ямар хариу барих бол…

Хятад ямар хариу барих бол…

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ажилласан Тамгын газрын дарга З.Энхболдын Цаофэйдянь боомтоос хийсэн мэдэгдэл одоо ч дуулиан дагуулсан хэвээр байна.

Учир нь төрийн тэргүүний айлчлалаар хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт, түүгээр Монголын нүүрсийг гаргах тухай байсан ч Тамгын газрын дарга З.Энхболд нь төмөр замын маргаан хөндөж, хоёр гишүүнээ Хятадын талд үйлчилдэг үү зэргээр гоочилсон нь Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагаад зогсохгүй хоёр орны харилцаанд хүйтэн уур амьсгал бий болох нөхцөл бүрдүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн улс төрийн том алдаа гаргасан. Манайхаас өөр оронд бол энэ хүн ажлаасаа аль хэдийн халагдсан” гэж ярьсан нь хоосон зүйл биш юм. Улстөрчдийн бодлогогүй мэдэгдэл, үйлдэл улс орнуудын харилцаанд ан цав үүсгэдгийг дэлхий дахинд өрнөсөн өнгөрсөн түүхүүд гэрчилдэг.

Монголд ч нэр дурдаж болох таагүй жишээ бий. Хэдхэн жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Хятадын Чалько компанитай байгуулсан нүүрсний гэрээг Монголд ашиггүй, өөрчилнө гэж мэдэгдээд юу боллоо. Монголын нүүрс үнэгүйдсэн. Хэдэн сараар нүүрсээ экспортолж чадахгүйд хүрч, төсвийн орлого тасарч байв. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан нь Тавантолгойн нүүрсний үнэд нөлөөлсөн гэж үздэг ч үнэндээ бол хариуцлагагүй мэдэгдэл нь нэг тонн тутмыг нь 70 ам.доллараар нийлүүлж байсан нүүрсний үнийг 30 ам.доллар руу буулгаж, хохироосон юм. Үнэ яаж ч буусан нүүрсээ нэг тонныг нь 70 ам.доллараас буулгахгүйгээр нийлүүлэх байсан ханш ингэж унасан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бол улс төрд дөнгөж хөл тавьсан хүн биш. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу Үндсэн хуулиар төрийг ч, нийгмийг ч удирдах онцгой бүрэн эрхтэй УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн. Хаана ямар үг хэлэхээ мэдэхийн ихээр мэдэх учиртай. Өөрөөр хэлбэл, З.Энхболд даргын хэлсэн үг санаандгүй гэхээс илүү энэ хүнд Монгол Улсын эрх ашиг хамаагүй юу гэсэн асуултыг тавихад хүргэж буй юм.

Хэдийгээр Хятадын тал энэхүү тайлбарт хариу бариагүй байгаа ч хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээрт тусгасан ажил, мөн тус улсын Засгийн газраас Монголд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ажлууд хойшлогдвол Монголд л хохиролтой.  Наад зах нь энэ сардаа багтаан Цаофэйдянь боомтоор дамжуулах туршилтын нүүрсний тээвэр хойшлогдвол яах вэ. “Төмөр зам нь баригдсан биш хүлээж л байя. Нэг сар юу юм” гэцгээгээд хүлээгээд суух уу.

Энэ хүний мэдэгдэл өнөөдөр Ерөнхийлөгчийн нэр хүндийг олон улсын тавцанд унагах хангалттай шалтгаан болсон төдийгүй тэрхүү яриаг  нь Хятадад цугласан улс орнууд хар дансандаа тэмдэглээд авсан байхыг ч үгүйсгэхгүй.

Хилийн дээснээс цааш Монгол Улсын алдаа, Ерөнхийлөгчийн алдаа болж харагдах үгийг хэлсэн Тамгын газрын даргад хүлээх хариуцлага байхгүй юу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж