“Huawei” борлуулалтаараа “iPhone”-ийг гүйцлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

“Huawei” борлуулалтаараа “iPhone”-ийг гүйцлээ

“Huawei” борлуулалтаараа “iPhone”-ийг гүйцлээ

Энэ 2019 оны эхний гурван сард Хятадын “Huawei” брэндийн борлуулалт 17 хувиар өсчээ. Улмаар жилийн өсөлтийн дүнгээр 50 хувийн өсөлтийг үзүүлж, АНУ-ын “Apple” компанийн “iPhone” брэндийг гүйцсэн байна. Энэ нь Хятадын зах зээлээс “iPhone”-ийг шахах бодлого болон “Huawei” брэндийн утасгүй цэнэглэгч, дэвшилтэт камер зэрэг хэрэглэгчдийн анхаарлыг татсан бүтээгдэхүүний үр дүн аж. Хятадын брэндүүд Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн зах зээлд хөлөө олсныхоо дараа Европыг чиглэх болжээ. Хятадын өөр нэг брэнд “Xiaomi” ухаалаг утасны хувьд Энэтхэгийг эс тооцвол олон улсад борлуулалт буурч байна.

Өмнөд Солонгосын “Samsung” брэндийн хувьд “Galaxy S10” загварын борлуулалт өмнөх “Galaxy S9”-ийг бодвол харьцангуй сайн байгаа аж. “Samsung” компани үнийн хувьд уян хатан бодлого баримталж, “iPhone XR” загвартай өрсөлдөх 750 ам.долларын үнэтэй 5.8 инчийн дэлгэцтэй “Galaxy S10 E” гар утсаа хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.

“Apple” компанийн “iPhone” брэндийн хувьд шинээр гаргасан загваруудаас “iPhone XR” нь хамгийн их борлуулалттай байна. Тус компани нэр хүндийн баталгаа болох өндөр чанартай ухаалаг утсыг борлуулах зорилго баримталдаг нь нэг талаар борлуулалт буурах шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн хоёр жилийн өмнө авсан “iPhone” утас хэвийн ажиллаж, зах зээл дээр үнээ барьдаг тул шинийг авах шаардлагагүй байдаг аж. Тухайлбал, 2016 онд танилцуулсан “iPhone 7”, “7 Plus” загварууд одоо болтол компанийн вэбсайтад сүүлд гаргасан “iPhone XS”, “XS Max” загварын талтай тэнцэх үнээр худалдаалагдаж байна. Компанийн зүгээс өмнө нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан “iPhone SE” загварын дараагийн цувралыг гаргахаар төлөвлөж байгаа аж. “iPhone SE 2” ухаалаг утсыг худалдаанд гаргаснаар богино хугацаанд борлуулалтыг нэмэгдүүлж чадах ч урт хугацаандаа илүү тэсрэлт хийсэн бүтээгдэхүүн гаргах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн “5G” технологийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр компани ажиллаж эхэлжээ. Тус технологийг 2018-2020 оны хооронд худалдаанд гарсан ухаалаг утсанд ашиглаж болохыг “Apple” компани мэдэгджээ.

Ерөнхийдөө энэ оны эхний гурван сард дэлхийн гар утасны борлуулалт таван хувиар буурсан байна. Энэ нь зургаан жил дараалан ухаалаг утасны борлуулалт буурсан үзүүлэлт аж. Үүнээс харахад ухаалаг гар утас хэрэглэгчид хуучин гар утсаа илүү удаан хэрэглэж, шинэ загваруудыг худалдан авах нь багассан гэж хэлж болохоор байна. Гэхдээ зарим оронд нэвтэрч эхлээд буй 5G технологийн ачаар ухаалаг утасны борлуулалт эргээд сэргэх таамгийг ажиглагчид хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж