Тарваган тахал биш гэдэсний халдварт өвчин байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Тарваган тахал биш гэдэсний халдварт өвчин байж болзошгүй

Тарваган тахал биш гэдэсний халдварт өвчин байж болзошгүй

Увс аймгийн Улаангом суманд тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэний дагуу тавдугаар сарын 5-ны 21.00 цагаас эхлэн тус бүсэд хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан билээ. Хорио цээрийн дэглэм лабораторийн шинжилгээний хариу молекул биологийн аргаар батлагдах хугацаанд үргэлжилдэг бөгөөд шинжилгээний хариу 24-72 цагийн дотор гардаг. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж буйгаар, лабораторийн шинжилгээний хариу өчигдөр /2019.05.06/ 13.15 цагт гарсан бөгөөд тарваган тахал биш болох нь тогтоогджээ. Үүнтэй холбоотойгоор тус аймагт тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцалсан юм.

НОХОЙ БАРЬСАН ТАРВАГЫГ ӨВЧСӨН БАЙСАН

Харин өвчтөн ямар өвчнөөр өвчилсөн байсныг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-Увс аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу үгүйсгэгдэж гарлаа. Өвчтөн ямар өвчнөөр өвчилсөн байна вэ?

-Увс аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу үгүйсгэгдэж гарсан. Өвчтөн ямар өвчнөөр өвчилснийг тогтоохоор олон төрлийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу хэзээ гарахыг хэлж мэдэхгүй байна. Урьдчилсан байдлаар гэдэсний халдварт өвчин байж болзошгүй гэж үзэж байгаа.

-Тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзсэнд үндэслэл бий байх. Тухайн өвчтөн тарваганы мах хэрэглэсэн юм уу. Магадгүй тарвага агнасан юм биш биз?

-Тухайн өвчтөн дөрөвдүгээр сарын 28-нд, нохой барьсан тарвагыг гэртээ авчран өвчиж, дотор эрхтэн тэр дундаа цөсийг нь аавынхаа гэрт хадгалсан байсан. Үүний дараа тухайн өвчтөн тавдугаар сарын 4-нд аймгийн төвд ирсэн. Ингээд тавдугаар сарын 5-ны орой бие нь эвгүйрхлээ гэсэн шалтгаанаар аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хандсан байгаа юм. Ингээд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тарваган тахал байж болзошгүй гэж оношилсон юм. Лабораторийн молекул биологийн шинжилгээгээр тарваган тахал биш гэж гарсан нь сайн ч өөр ямар өвчин болох нь тогтоохоор ажиллаж байна.

-Нохойд бариулсан тарвага өвчсөн гэдэг утгаараа өөр аюулт өвчин байх магадлалтай юу?

-Тийм. Тархвар судлалын хувьд нохойд бариулсан тарвага өвчсөн тохиолдолд эрүүл байх магадлал тун бага. Өвчилсөн байж болзошгүй гэдэг утгаараа онцгой анхаарал хандуулж байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар өвчлөн нас барж, дөрвөн хүүхэд нь өнчирсөн эмгэнэлтэй хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тус өвчлөлтэй холбоотой нэгдүгээр хавьтлын 158 хүн байсан бөгөөд эдгээр хүнээс лабораторийн шинжилгээ авчээ. Шинжилгээгээр тарваган тахлаар хүн нэмж өвчлөөгүй байна. Мөн бусад хавьтлаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол илрээгүй аж. Тиймээс өчигдөр /2019.05.06/ 22.00 цагийн үед хөл хориог цуцлах шийдвэр гаргасан юм.

Монгол Улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомтой байдаг. Сүүлийн жилүүдэд монгол алтайн тарваганы тахлын голомт онц идэвхтэй байгаа аж.  Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх олон арга бий. Үүний нэг нь урьдчилан сэргийлэх вакцин. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакцинд сайн дураараа хамрагдах боломжтой. Үүний тулд дүүрэг эсвэл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хандаж болох юм. Тарваган тахлаар өвчилж буй тохиолдлын ихэнх нь тарваганы эд эрхтнийг түүхийгээр нь хэрэглэсэн байдаг аж.

ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА

Тарвага агнахгүй байх;

Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;

Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;

Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;

Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;

Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;

Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

Цагдаагийн байгууллагад он гарснаар Ангийн тухай хууль зөрчсөн 145 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн тарвага тарга тэвээрэг авсан үед тарвагыг агнадаг байсан бөгөөд ингэхдээ анчид эрүүл тарвагыг нь таньж агнадаг байсан байна. Мөн сүүлийн үед байгаль экологийн өөрчлөлтэй холбоотойгоор ан амьтан элдэв өвчнөөр өвчлөмтгий болсон байна. Тиймээс ямар ч үед эрсдэлтэй зүйл хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж