Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Энэхүү хуулийн төсөл нь хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс  урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.

Бага орлоготой иргэдийн  амьжиргааны түвшин буурах, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж буйгаас хүүхэд зөрчил, гэмт хэргийн золиос болсоор байгаа юм.

Гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 22 хувь нь гэр бүлийн таагүй уур амьсгал, 42 хувь нь үе тэнгийнхэн, 18 хувь нь өөрөөсөө болж, 10 хувь нь сургууль дээрхи таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Тиймээс хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэж байх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хүүхдэд зөвхөн эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх зэрэг хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зарчмыг баримтлах.

Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, ял шийтгэлийг Гэмт хэргийн тухай хуулиар тус тус тодорхойлох зэрэг асуудлыг тусгажээ.

Хуулийн төсөлд 15 төрийн бус байгууллага болон судлаачдаас нийт 20 санал ирүүлснээс бүх саналыг тусгасан юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж