УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо аж. 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэх юм байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар хурдацтай өсчээ.
Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байгаа юм байна.
Хэрэв тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх аж. Тиймээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, Монгол Улсын ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс тэтгэврийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлага үүссэн байна.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны 261.7 мянган малчдын дөнгөж 9,1 хувь нь тэтгэврийн даатгалд хамрагджээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулах, НДШ-ийг эргэн төлөх боломжтой байх, ингэхдээ улиралд төлж болохоор заалтыг бодлогод тусгах ёстой гэсэн санал гаргасныг сайд С.Эрдэнэ эсэргүүцэв.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ саналыг дэмжих боломжгүй байгаагаа ийн тайлбарласан юм. “Зөвхөн малчдыг тусгайлан авч үзэх нь өрөөсгөл. Энэ бол популизм. Багш, эмч хүн биш юм уу. Бодлогыг бүхэлд нь унш. Төслийн 4.3-т Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн талаар дараах үйл ажиллагаа явуулна гээд тусгайлан заасан. Үүнд малчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тусгай сан байгуулж, тэтгэвэр тогтоолгох, олгох асуудлыг хуулиар зохицуулна гэж зааж өгсөн. Хэрэв наад саналаа бодлогод тусгана гэвэл хуулийн төслөө татна” гэв.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Төсөл татдаг нь чи юм уу. Монгол төр гэж байгаа юм бол малчныхаа асуудлыг онцгойлон авч үзэх ёстой. Тэдэнд амралтын өдөр гэж алга. Шинэчлэл гээд байна, наад оруулж ирсэн төслөөр чинь юу шинэчлэгдэж байгаа юм. Тэтгэвэрт гарах насыг хойшлуулна, шимтгэлийн хувь хэмжээг нэмнэ гэж иргэд, аж ахуйн нэгждээ ачаалал өгч байна. Тэтгэвэр тавьж чадахгүй болонгуут төр өөрийнхөө үүрэх ёстой ачааг аж ахуйн нэгж, иргэдэд үүрүүлэх гэж байгаа биз дээ” гэв.
Сайд С.Эрдэнэ “Наад саналаа бодлогод тусгавал төслөө татна. Би санаачилсан юм чинь татахгүй яадаг юм. Наран туул захын наймаачид зутраад байгаа юм уу. Хуулиа санаачлаад яв л даа”.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хүн амынхаа төлөө ажиллах ёстой юм бол өнөөдөр наад асуудал чинь явахгүй ч маргааш явна. Чиний төслөө авдаг гэж юу байдаг юм” гэж маргалдав.
Эцэст нь МАН-ын гишүүд саналаа татаж авснаар энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.
Онцлоход, хуулийн төсөлд тусгаснаар 2017 оноос эхэлж тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, 19 хувьд хүргэх, 2017 оноос эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлж, 2027 он гэхэд 60 нас, эрэгтэйчүүдийн насыг 2027 он гэхэд 62 нас хүргэхээр тусгаад байна.
Г.ДАРЬ