Түвд: Шинэ, хуучин сүлэлдэхүй

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Түвд: Шинэ, хуучин сүлэлдэхүй

Түвд: Шинэ, хуучин сүлэлдэхүй

Түвд бол өндөр уулсаар хүрээлүүлсэн, дэлхийн дээвэр хэмээн өргөмжлөгддөг, 3.4 сая хүн амтай, өөртөө засах эрхтэй, БНХАУ-ын хязгаар нутаг билээ. Хүн амын суурьшлаараа улсдаа хамгийн сийрэгт тооцогддог. Түвд орноор аялуулсан хөтчийн маань нэрийг Лада гэнэ, 48 настай. “Хэн гэнэ ээ” хэмээн лавлахад, “Та нар оросуудтай ойр явсан даа. Оросын Лада машин мэднэ биз” хэмээн хошигнон хариулсан. Лхада гэж бичих юм билээ. Хадаа гэсэн ч болмоор нэр. Хорь гаруй жил хөтөч хийж байгаа, англи хэлтэй хүн байв. Аяллын явцад надад үзэж тойрсон сүм хийдүүд, сургууль орны тухай тайлбарлаж, харин би түвдийн нийгмийн өөрчлөлт, шинэчлэл, хүмүүсийн амьдрал ахуй гээд олон сэдвээр асууж, лавлаж явлаа.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЭРХЛЭГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ОРОН

Лада бол гурван хүү, ганц охинтой айлын бага хүүхэд. Аав, ээж нь төрөөс өмчлүүлсэн 2.5 га газар, 50 гаруй сарлаг, бусад мал ахуйгаа ууган хүүдээ даатгаад, өөд болцгоожээ. Тэр үед Лада дунд сургуулийн сурагч байж. “Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэн нэгэнд өмчөө өвлүүлээд, бусдыгаа харж хандаж явахыг захидаг уламжлалтай” гэсэн юм. Ах нь түүнийг шинэ цагийн коллежид сургаж, хожим анхны байраа авахад нь тусалж байжээ. Том ах нь өнөө хэр мал сүргээ хариулан, Кам нутагтаа суудаг. Гэхдээ аав ээж шигээ нүүдэлчин биш, харин суурин аж ахуй эрхэлдэг болжээ. Сарлаг нь 200 тоо толгойд хүрсэн. Нэг сарлаг 1200 юань хүрдэг гэнэ. Лада ганц охинтой. Охин нь Ханжоуд оюутан. Утасныхаа нүүр болгосон үзэсгэлэнт охины зураг үзүүлээд “би ганц л зүйлд харамсдаг. Ахиад нэг хүүхэдтэй болох байсан юм. Амьдрал дээшлээд ирнэ гэж залуу байхдаа тооцож байсангүй” гэсэн.

Түвд рүү тусгай зөвшөөрөл авч ордог, хагас хаалттай бүс нутаг хэр нь өнгөрсөн 2018 онд гэхэд 3.4 сая жуулчин хүлээн авчээ. Өвлийн гурван сарыг эс тооцвол маш завгүй ажилладаг гэж Лада бахархан ярьсан.

Ямдок нуурын эргээр жуулчдад зориулан чимэглэсэн сарлагууд зогсоосон байв. Хамт зураг даруулбал эзэнд нь мөнгө төлнө

Лхасаас Шигацэ хот орохоор 260 орчим км туулахдаа нэг ч нүүдэлчинтэй таарсангүй. Тав гурваараа тааваараа бэлчих ердийн сарлаг, эсвэл Яалуу гол, Ямдок нуур, 5500 метр өндөр мөнх цаст Карола уулын хавиар жуулчдыг угтан, чимэглэж гоёсон сарлагууд, түвд банхрууд бол зөндөө. Нүүдэлчин л алга. “Нүүдэлчидтэй таарна гэж байхгүй ээ. Тэд чинь сарлагаа дагаад бүр өндөрт яваа” гэж Лада хэлсэн. Уг нь Түвдийн хүн амын дөчөөд хувь нь малчин, нүүдэлчид гэсэн тоо баримт бий. “Дэлхийн хамгийн чанартай арвайг бид ургуулна” хэмээн уулан дээрээ чимэглэн сийлсэн тариалангийн тосгод, “Ногоон байгалиа сэргээн хамгаалъя” гэх уриа хадсан мод үржүүлгийн сууринууд харин хаа сайгүй. Эднийг бас малчин, нүүдэлчинд оруулан тооцдог бол дээрх хувь үнэн болох талтай.

“Уламжлалт хэв маягаа хадгалан үлдсэн нүүдэлчин, малчин их цөөрсөн. Шинэхэн боссон сууринд, шинэ байшинд суугаад, мод тарьдаг болцгоосон” гэж манайхны нэрлэдгээр 570 машинаар үйлчилсэн, жуулчны бизнес эрхлэгч Ажэ хэлсэн юм. Эхнэр нь хүйтэн бүсийн ургамлын судалгааны ажил эрхэлдэг аж. Төрийн санхүүжилттэй төсөл болохоор цалин, хангамж сайтай гэв. Ладагийн эгч бас ургамал судлаач гэсэн. Ер нь Түвдэд байгаль хамгаалагч, ойжуулагчийн ажлын байр жилээс жилд эрс нэмэгдэж иржээ. 2018 онд гэхэд малчин, тариаланчдаас 308 мянган хүнийг ой хамгаалагчийн ажилд авснаар нийт ой хамгаалагчдын тоо хоёр дахин нэмэгдсэн аж.

Мөнх цаст өндөр уулсыг ороосон шил толь мэт засмал замууд дурайна. Замын хажуугаар ойжуулалтын ажил газар сайгүй өрнөх юм. Хад чулуун хөрстэй уулыг ухан, мод тарина гэдэг малчин, нүүдэлчин явсан хүнд хэр амар ажил бол доо. Ямар ч гэсэн тэд уужим талбайтай, шинэхэн байшинд амьдардаг, байгаль хамгаалагч нар болжээ. “Охид, эмэгтэйчүүд суурин амьдралыг хамгийн дуртай хүлээн авсан” гэж Ажэ ярьсан. БНХАУ-ын Засгийн газар хязгаар нутгийнхаа онцлогийг тусгасан хөгжлийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд 13 дугаар таван жилийн хугацаанд гэхэд (2016-2020) томоохон бүтээн байгуулалт, дэд бүтэц, байгаль орчны хамгаалалд нийт 657,6 сая юанийн хөрөнгө оруулаад байна.

Шигацэгээс бид Лхас хот руу галт тэргээр буцсан. Тувт өгсүүр замаар уул ороон найман цаг давхиж хүрсэн хотоос галт тэргээр гурван цаг яваад, Лхаст ирчихдэг юм байна. Ингэхдээ уул нүхэлсэн урт хонгилоор найман удаа ороод гарна билээ.

БУРХАНЫ ОРОН

Өвөг дээдсийн минь домоглон ярьж, сэтгэлд оршоосон Цастын оронд ирсэн хүн хийд газраар нь оролгүй дээ. Лхас хотод Будала ордон, Их зуу, Сэра, Зуны ордон, Бэрээвэн хийд харин Шигацэд бурхны шашны гурван урсгал болох сакъяа, кадампа, гэлүгба урсгалууд нэгэн дээвэр дор багтдаг Пэлкор, бага Будала гэгддэг Дашлхүмбэ хийдүүдээр орсон.

 Буддын гүн ухааны коллежийн 9 настай шавь

Мөн 8-80 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй 800 шавьтай Буддын шашны коллеж, түвд эмнэлгийн сургуулиар ч орсон.

Янз бүрийн захтай түвд дээлийг хөөргөн өмссөн, гартаа хүрд эргүүлэн, амандаа маань унших эрчүүд, эрээн хормогчтой урт дээлтэй, мөргөлчин эмэгтэйчүүдийг бол би таньж байлаа. Санаандаа төсөөлж ирсэн түвд дүр төрхүүд хийд орны газраар харин ч нэг дүүрэн. Хорь орчим насны хөөрхөн залуу өвдөг хийгээд гартаа модон хамгаалалт углаад, гурав том алхаад сунаж мөргөхийг, халуун сав дүүрэн шар тосноосоо асаалттай зул бүр рүү дусаангаа дүнгэнэтэл маань уншин гороолох эмэгтэйчүүд, хамрыг нь хөөдсөн хүүгээ тэврээд, хүрд эргүүлэх залуухан бүсгүй, гудсаа дэвсээд, тухалж авсан өвгөн мөргөлчин гээд Л.Түдэвийн “Оройгүй сүм”-ээс эсвэл BBC сувгийн баримтат киноноос хэдийн танил болсон дүр төрхүүд тэнд хэв янзандаа.

Хийдийн гадуур үргэлжлэх цоо шинэ, толь болсон замууд, уул нүхэлсэн хонгилууд, түүгээр хөлхөх үнэтэй машинууд, өндөр сайхан орон сууцууд хийгээд дэлгүүр хоршоотой хийд орны доторх амьдрал эрс тэсийг үүсгэн орших аж. Наад зах нь найм, есөн зуун жилийн түүхтэй түвд, непал загварын хийд орны барилгын уран хийц, хэв маяг, цул алтаар бүтээж есөн зүйлийн эрдэнээр чимэглэсэн бурхдын сэрэг дүрүүд, эргэл мөргөлчид, намбайтал сууцгаах лам нар надад цаг хугацаагаар аялах шиг мэдрэмжийг төрүүлсэн. Магад 1920-иод оны Монголын хийд орон, соёл ахуй иймэрхүү байсан болов уу.

“Өвөөгийнх нь багш мундаг номтой хүн байсан юм. Үе үе буян номын ажлаар шавь сүсэгтнүүдээсээ дагуулан, тэмээн жин хөтлөн, цастын орныг зорино. Тэргүүн тэмээний хүзүүнд өлгөсөн хонх уянгалан дүнгэнэсээр холдон оддогсон. Намайг дагуулж явдгийн даваан дээр цаг эргэж, багш минь баригдаад, явах хөг минь өнгөрч билээ. Уулсынх нь орой цасанд хучаатай бурхны оронд очиж, буян үйлдэж чадаагүй дээ.”

Би хүүхэд ахуйдаа зуны амралтаараа ганц, хоёр удаа л хөдөө явж байсан. Эмээгийн минь ах, Жаал банди гэж ганц бие өвөөгийнд зочлохдоо дээрх түүхийг сонсож явсан юм. Харин Лхаст ирээд, Жаал банди гуайн яриа үг бүрчлэн санаанд орсон. Ладад хэлтэл “өвөө чинь зүгээр нэг яриагүй, номтой хүн байж, чамд ерөөл тавьжээ” хэмээн бодолхийлсэн ч үгүй хариулав. Түвд хүн бүр номын авшигтай байдаг байх нь гэж тэрүүхэн хоромд зурсхийв. Дараа өдөр нь Буддын гүн ухааны коллежтой танилцах үед, “шинэ хотхон нь баригдаагүй байхад би энэ сургуульд зургаан жил суралцсан” хэмээн аяллын маань хөтөч шивнэсэн билээ.

Дэнзэн, 19 жилийн туршлагатай танка урлаач. Энэ бүтээл дээр 4 сар ажиллаж байгаа гэв

Хийд тус бүрийн түүх, бурхан шүтээний онцлогийн тухай олон сэтгүүлч маш тодорхой, тэмдэглэн үлдээсэн байдаг юм байна. Би харин Сэра хийд дээр сонссон, бахархалт нэг түүхийг  сийрүүлье гэж бодлоо. Сэра бол гэлүгба урсгалын гурван том хийдийн нэг, эргэл мөргөлчдийн заавал ордог, алдартай хийд. Сэнгээ гэгч манайхаас очсон хувилгаан 1990-ээд оны дунд үеийг хүртэл хамбаар нь суужээ. Түвд даяараа Сэнгээ гэвшийг андахгүй юм. Нууцын номд нэвтэрч, оройд нь гарсан Сэнгээ хамбын эрдмийг түвд хүн бүр шагших юм. “Багшийн минь гутал цоороод. Бид түвд, непал, энэтхэг төрөл бүрийн сайхан гутал өмсүүлэх гэж оролдсон. Монголоос өмсөж ирсэн монгол гутлаа л бурхан болтлоо өмссөн дөө.” “Ер нь монгол лам нар маш эрдэмтэй, номыг оройд нь хүртэл үздэг хүмүүс” гэх мэт дурсамж, дүгнэлт Сэра хийдээр ороод гарах төдийд сонорыг мялаав. Тэгээд балгас болгож орхисон сүм хийдүүд, тэнд сууж асан сэрсэн, гэгээрсэн лам нарынхаа тухай эрхгүй эргэцүүллээ.

Ганжуурын модон барыг бэлтгэж буй нь. Буддын шашны урлагийн сургууль. Лхас хот

Гэвч сайн цаг дөтлөн буй за. 1990-ээд онд Монгол орноо бурхны шашин дахин дэлгэрсэн хэмээн үзвэл даруй гучаад жил өнгөрчээ. Энэ хугацаанд хоёр ч лхаарамба, зургаан гавж төрөөд буй. Бурханы шашны гүн утгыг ойлгоод, бусдад сэтгэлийн гэрэл түгээх тийм эрдэм төгс багш нарын тоо дэлгэрэн үржиж байна. Сургаал, ном нь хэвээр буй цагт эрдэмт хуврагууд төрөн гарах нь дамжиггүй. Сургаал номын учрыг тунгаан бодож, бясалгадаг чин сүсэгтнүүдийн тоо ч өссөөр буй. Тэд үнэн бишрэлийг төрүүлэгч багшаар газарчлуулаад авбал хэв ёс, уламжлал тэгээд тогтнох болов уу. Энэ хоёрын үнэн бат шүтэлцээн дунд монгол хүний соёл ахуйн мөн чанар, онцлог шинж сэрж амилах учир оршин байж мэднэ.

Корала уул, 5500м
Ийм мопэд маш аюултай, хамгийн их замын осол гаргадаг гэж Лада надад тайлбарлав
Шинэхэн бүтээгдсэн Дарь эх
Пэлкор хийдийн ерөнхий байдал. Шигацэ хот
Пэлкорын мөргөлчин бүсгүйчүүд
Дашлхүмбэ хийдэд уншлага эхлэхийн өмнө
Энэ цонхны доогуур өнгөрөхөд ном унших настай ламын хоолой нэгэн хэмээр хүнгэнэж байв
Хүүхдүүд хамраа хөөддөг юм билээ
Хийд орноо шинээр засварлан барих ажил хаа сайгүй өрнөж байна. Хуучин нь сүрлэг, шинэ нь гоёмсог юм билээ

С.ЭНХЦЭЦЭГ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж