Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо | News.MN

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал бол Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журмыг шинэчлэх тухай байсан бөгөөд Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар журмын төслийг  дэмжив. Энэ асуудалтай холбогдуулан агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар батлуулахыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгалаа.

Хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулах журам батлах тухай байв. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг сар бүрийн 9-ний өдөр зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагааг хангах юм байна. Гэр бүлийн хүчирхийлэл, гэнэтийн болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа иргэд, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжих зорилгоор сар бүрийн батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлууд зохион байгуулна гэж нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцуулав. Энэхүү журмын төслийг хурлын гишүүд дэмжиж баталлаа.

УЛААНБААТАР ХОТЫН 380 ЖИЛИЙН ОЙН “БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ХЭЛЭЛЦЭВ

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал энэ удаагийн хурлаар танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан ажлын хэсэг боловсруулсан байна.

Өнөөдрийн зөвлөлийн хурлаар уг төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцээд, зарим үйл ажиллагааг хасах, уялдаа холбоогоор нь нэгтгэх, үргүй зардлыг танах, орхигдсон зарим бүтээлч ажлыг нэмээд, дахин хурлаар оруулж эцэслэхээр тогтов.

“Хотын соёлыг түгээх бүтээлч ажлуудыг ойн хүрээнд санаачлан хийж иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг илүү анхааралтай сонсож, тэдний идэвх санаачилга, зүтгэл, оролцоог хангаж ажиллах хэрэгтэй. 380 жилийн ой тэмдэглэж баярлахдаа гол  нь биш, Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн стратегийг боловсруулах, Соёлын өвийг хамгаалах хүрээнд үр дүнтэй ажил хийх, боловсролын салбарын бүх шатны оролцогчдыг хамруулсан “Миний хот” хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй. Тиймээс ажлын хэсгийнхэн бүтээлч ажлын төлөвлөгөөндөө эдгээрийг тусгаарай” хэмээн Хотын захирагч С.Амарсайхан санууллаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж