Завхан аймгаас 2014 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хааж буй Завхан аймгийн Их-Уул сумын харъяат байлдагч Бямбасүрэнгийн Бүдбазар Зэвсэгт хүчний төв хэвлэл СОЁМБО сонины “Хувилбартай асуулт”-ын Зочиноор уригдаж ярилцлага өгсөн байна.
Сонины ярилцлагыг хуулбарлан хүргэе.
Та ямар улиралд төрсөн бэ?
-Идэр есийн жавар ид тачигнасан өвлийн улиралд мэндэлсэн.
Таны хүндэлдэг хүн…
-Нутаг усаа чимсэн өвгөд хөгшид, аав, ээж, бас ангийнхаа удирдлагууд, мөр зэрэгцэн алба хааж буй онжавуудаа хүндэлдэг.
Бахархал…
-Монгол хүн болж төрсөн минь миний хамгийн том бахархал
Шүтлэг…
-Бурхан, тахил шүтдэггүй би төрүүлж өсгөсөн ижий, аавыгаа шүтдэг.
Шүтдэг уул…
-Төрсөн нутгийнхаа “Их-Уул”-ыг шүтдэг.
Эх орон гэж юу вэ?
-Бидний өнө мөнхөд хайрлан шүтэж амьдрах өлгий.
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?
-Улаан. Яагаад гэхээр энэ өнгө өөрөө их бадрангуй өнгө шүү дээ.
Бурхан чөтгөр хоёрт юу захих вэ?
-Бурханд бүхнийг ивээлдээ багтааж хайрлаарай! гэж, чөтгөрт бүхэнд энэрэнгүй байгаарай! гэж захина.
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?
-Үгүй. Хоосон чанар гэж ойлгодог.
Дуртай хоол…
-Ээжийнхээ гарын бүх хоолонд дуртай. Ялангуяа бантанд нугасгүй.
Дуртай дуу…
-Эх орон, ижий, ааваа магтан дуулсан дуунуудад дуртай.
Дуртай спорт…
Хурдан морь уях. Уясан хүлгүүд минь сумынхаа наадамд айраг түрүү алддаггүй.
Үзэн яддаг зүйл…
Дээрэлхүү хүнийг.
Хэлэх дуртай үг…
Гайхалтай.
Хобби…
Ан хийх, морь уях
Таны мөрөөдөл…
-Эх орон минь цэцэглэн хөгжиж, ард түмэн эрх тэгш, аз жаргалтай, элбэг хангалуун амьдраасай гэж.
Та хэр өр нимгэн бэ?
-Хэн нэгэнд хатуурхаж, хар санаж ердөө чаддаггүй.
Баярлалаа гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ хэлсэн бэ?
-Өнөөдөр өдрийнхөө хоолыг идчээд тогооч эгч Дариймаад баярласанаа илэрхийлсэн.
Бухимдсан үедээ …
-Чимээгүй орчинд хөгжим сонсдог.
Амьдралд хар цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?
-Хүний амьдралд хар цагаан өнгө сүлэлдэн оршдогч цагаан нь илүү байгаасай гэж боддог.
Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе…
-Алба хаах хугацаандаа мэдлэг чавдартай дарга нараасаа ихийг сурч мэдэхийн зэрэгцээ олон сайхан найз нөхөдтэй болсондоо баяртай байгаа. Мөн ангийн захирагч генерал цол хүртсэнд бахархаж байна. Түүнчлэн алба хаах хугацаандаа шүлэг бүтээлээ туурвиж онжав С.Мягмаржавтайгаа хамтран “Ухаарал хайрласан цэрэг жил” номоо хэвлүүлэхэд туслалцаа үзүүлсэн ангийн удирдлага, ротын захирагчдаа талархсанаа илэрхийлье. Удахгүй тохиох ангийхаа 5 жилийн ойг сурлага, хөдөлмөр, бүтээн байгуулалтын их амжилтаар угтахаар ажиллаж байгаа хамт олондоо мөн амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Ярилцсан: Ахлах дэслэгч Д.Мэндбаяр
Соёмбо сонин №16(10434)