Архины худалдааг цагаар хязгаарлахгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Архины худалдааг цагаар хязгаарлахгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд архи, согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч олгодог байхаар зааж өгсөн юм. Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэх цагийн хязгаарыг Засаг дарга тогтоохоор заасан байна.

Харин худалдан борлуулах цэгийг нь аймаг, нийслэлийн ИТХ тогтооно.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд цагийг зааж өгөхгүй байх нь сөрөг үр дагавар дагуулах вий гэдэг болгоомжлолтой байгаагаа санууллаа.

Хууль зүйн сайдын тайлбараар бол одоо мөрдөж байгаа хуулиар 00.00-06.00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж хуулийн хүрээнд хатуу зааж өгсөн  нь гэр хороолол уруу архины худалдаа, хэрэглээ өсөх хандлагыг бий болгож байгаа тул цагийн хязгаар тавихгүй байхаар хуульд өөрчлөлт оруулсан нь энэ аж. Гэхдээ энэ нь бүр сулд нь тавина гэсэн үг биш, Засаг дарга нь тухайн газраа цагийг тогтоох боломжтойгоороо одоогийн хуулиас давуу тал бий болно.

Худалдаа, үйлчлэх цэгийн байршлыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоох нь мөн давуу талтай. Энэ асуудлыг шийдэхдээ иргэдээсээ саналыг нь авах аж.

Хууль батлагдсан нөхцөлд өмнө нь тусгай зөвшөөрөл авсан байсан аж ахуйн нэгжүүд дахин шинээр зөвшөөрөл авах гэж бужигнах уу, яах вэ гэдэг асуудлыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хөндлөө.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоёр жилээр олгодог юм байна. Хууль өөрчлөгдөн батлахад тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусаагүй нөхцөлд шинээр зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин шинээр тусгай зөвшөөрөл хүсэхэд энэ хууль мөрдөгдөнө” гэсэн тайлбар хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй саналын томёолол гаргах үед УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар “Архидан согтуурахын эсрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн бус байгууллагын үйл ажиллагааг төр дэмждэг байх ёстой” гэсэн санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Харин 21-ээс доош насныханд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох, ингэхдээ иргэний үнэмлэхийг нь харж үйлчилгээ үзүүлдэг байх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь буцаан татагдав. Учир нь холбогдох хуульд энэ талын зохицуулалт туссан байдаг тул заалт давхардана гэж үзсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл санал гаргасан. Татварын орлого төвлөрүүлэхийн тулд архи, согтууруулах ундаанаас олох Онцгой албан татварын хэмжээг тэдэд хүргэнэ гэж тусгайлан үүрэгжүүлдэг юм байна. Энэ тохиолдолд архигүй аймаг, сум болох зорилт тавьсан газруудад архи, согтууруулах ундааны ОАТ-аар олох татварын орлогыг заавал биелүүлэх даалгавар болж хувирах учраас энэ асуудлыг хуулиар хязгаарлах шаардлага байна гэж үзсэн юм. Гэвч энэ нь татвартай холбогдох асуудал тул санал хураах боломжгүй гэж үзлээ.

Улмаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж