Дэд бүтэцгүй, нислэгийн тийзний үнэ нь хярд гарсан, үзүүлээд байх олигтой үзмэргүйгээс Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж чаддаггүй тухай шүүмжлэл олонтаа сонсогддог ч энэ жил Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахал даарин дээр давс үрсэн хэрэг болж, жуулчдын урсгалыг сааруулж мэдэх нь ээ.
Гэр бүлийн хоёр амь насаа алдаж, дөрвөн хүүхэд өнчирч хоцорсон энэхүү эмгэнэлт явдал монголчуудад сургамж үлдээсэн л гэж найдъя.
Судалгаагаар Монгол Улсын 17 аймгийн 132 суманд тарваган тахал гарах эрсдэл өндөр байсаар иржээ. Ялангуяа Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймагт идэвхжил өндөртэй, аюултай бүсэд нэрлэгддэг байна. Гэвч Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахал Увс аймаг руу тэлсэн байж болзошгүй сэжиг нэмж илэрсэн нь аялал жуулчлалын улирал ирж байгаа үед маш муу мэдээ юм.
Хэдийгээр мэргэжлийн байгууллагууд сэжиг таамгийг хараахан нотлоогүй байгаа ч Баян-Өлгий аймагт аялж явсан ОХУ-ын 17 иргэн хөл хорионд орсноор тус улсаас Монголыг зорихоор төлөвлөж байсан жуулчдад, мөн дэлхийн бусад орноос ирэх аялагчдад маршрутаа өөрчлөх шаардлага үүсгэж мэдэхээр байна.
Засгийн газар зургаан жилийн өмнөөс Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьж, ажилласнаар өнгөрсөн 2018 онд 529370 жуулчин хүлээн авч, 569 сая ам.долларын орлого олжээ. 2017 онд 470 мянга гаруй жуулчин хүлээн авч 400 орчим сая ам.долларын орлого олсонтой харьцуулахад жуулчны тоо нэг жилд 50 мянгаар, орлого нь 169 сая ам.доллараар өссөн байгаа юм. Хэдийгээр жилийн дараа буюу 2020 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан Монгол Улсын хувьд чамлах тоо ч өнгөрсөн онд авсан жуулчныхаа тоог өнөө жил бууруулчихгүй нэмэгдүүлбэл нэг жилийн дараа, байг гэхэд таван жилийн дараа нэг сая жуулчин хүлээн авах мөрөөдөл рүүгээ дөхөх боломжтой.
Жуулчдын тоо өсөхөд 2014 оноос Орос, Монголын иргэд харилцан визгүй зорчих боломжтой болсон нь нөлөөлсөн төдийгүй хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарал хандуулсан нь эерэг нөлөө үзүүлжээ. Гэхдээ л хил орчмын аялал жуулчлалыг дагасан бараан цуу тасрахгүй байна. Тэр дундаа өмнөд хөршөөс жуулчлахаар ирсэн аялагчдад таагүй ханддаг.
Хил залгаа Хятад улс нь 1.3 тэрбум хүн амтай, жилд 200 сая жуулчин гадаад орныг зорьж байхад 1 сая жуулчныг нь Монгол Улс жилдээ хүлээн авдаг болчихвол аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтот том реформ хийгдэхээр байгаа. Харамсалтай нь, ярьснаас цаашгүй. Нэг юм санаачлаад эхлүүлэхээр хардана, сэрдэнэ. “Баахан хятад иргэд жуулчлал нэрээр ирж, монголчуудын ажлын байрыг булааж, охидыг нь зугаа цэнгэл болгож байна” гэхчилэн цуурдаг. Шалгахаар тэр нь нотлогддоггүй. Айдас юм уу, аль эсвэл хэргээр хэн нэг нь цуу тараадаг уу бүү мэд.
Хил гааль нь хяналтаа сайн тавиад ажиллахад өмнөд хөршийн жуулчдын тэр их урсгалыг Монгол руу чиглүүлэх боломж бүрэн дүүрэн байгаа.
Уг нь улс орнууд өмнөд хөршийн тэр их жуулчдыг татахын тулд тив алгассан бодлого хэрэгжүүлдэг. Харамсалтай нь, Монгол хил орчмоосоо жуулчид татъя гэхэд энэ мэтчлэн эсэргүүцэлтэй тулах нь бий.
Аялал жуулчлал нь соёл уламжлалаа сурталчлахаас гадна эдийн засагт асар их хөрөнгө оруулалт оруулж ирдэг, ажлын байрыг маш олноор нэмэгдүүлэх боломжтойгоороо бусад салбараас ялгардаг. Иймээс ядаж л дэргэдэх том зах зээлээсээ жуулчин татахад анхаарч ажиллах шаардлага байна.
Дээр нь тарваган тахал өвчний тархалтыг богино хугацаанд зогсооход мэргэжлийн байгууллагуудын авах арга хэмжээнээс гадна иргэдийн ухамсарт үйлдэл хамгаас чухал болж хувирлаа. Наад зах нь амьтны эд эрхтнийг түүхийгээр идэх нь өвчин анагаадаг гэх шинжлэх ухааны үндэслэлгүй, иш мухаргүй амнаас ам дамжсан ташаа ярианд цэг тавих цаг нь болжээ.
Уг нь монголчууд 70-аад жилийн тэртээ тарваган тахал нь үндэстнийг ч устгах аюултай гэдгийг билгүүн номч Б.Ринчений бичсэн, алтан үеийнхний кино дэлгэцнээ мөнхлөн үлдээсэн “Цогт тайж” киноноос үзсэн л ард түмэн юмсан.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ