Төрийн шагналт, Ардын уран зохиолч, их эрдэмтэн, зохиолч, нэрт гүүш Ц.Дамдинсүрэнгийн хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Хөшөөг Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд таван метрийн өндөртэйгөөр урлажээ. Түүний хувьд өмнө нь "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас нийслэлийн төв рүү явах замд буюу морин тойруулгын гадаа сүндэрлэх аварга том азарганы "Улаан хуй" хөшөө, мөн Чингис хаан, Чингүнжав, Мандухай цэцэн хатан бүтээлүүдээс гадна 304 маркийн чанартай гангаар хийсэн бүтэн үзэсгэлэнгийн ган баримлын ажил гүйцэтгэж байсан туршлагатай уран бүтээлч юм.
Ц.Дамдинсүрэн агсны хөшөөний нээлтийн арга хэмжээг өнөөдөр морин цагт эхлүүлэв. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, “Болор цом”-ын эзэн, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо болон нутгийнх нь удирдлагууд оролцлоо.
XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн Ц.Дамдинсүрэн агсан нь 1908 оны есдүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Матад суманд төрсөн билээ. Тэрээр Монголын шинэ бичгийг зохиох ажилд идэвхийлэн оролцож, орос үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрэм зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна.
Түүний туурвисан “Буурал ээж минь”, “Зугаацахаар морьсон нь…”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гэх мэт алдарт бүтээл одоо болтол үе дамжин цээжлэгдсээр буй. Их эрдэмтэн 1986 оны зургадугаар сарын 5-нд таалал төгссөн юм.
Холбоотой мэдээ