Анх удаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгав

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Анх удаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгав

Анх удаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгав

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийлээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өнөөдөр /2019.05.06/ мэдээлэл хийв. Тус төвийн элэг шилжүүлэн суулгах үндэсний баг БНСУ-ын АСАН эмнэлэгтэй хамтран 15 цагийн турш ажиллажээ.

"Энэ төрлийн мэс заслыг цаашид бие даан хийх боломжтой" гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, дэлхийн шилдэг мэс засалч, О.Сэргэлэн хэлэв. Тэрбээр “Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд аюулгүй байдлыг харгалзан үзэж, БНСУ-ын АСАН эмнэлгийнхэнтэй хамтарлаа. Манай эмч нар энэ төрлийн мэс заслыг цаашид хийх бүрэн итгэлтэй болсон. Мэс заслын техникийн хувьд ижил боловч хагалгааны өмнө болон хагалгааны дараа тусгай эмчилгээ хийдгээрээ онцлогтой.

Өвчтөний хувьд B, D вирусын гаралтай элэгний хатууралтай, элэгний хавдартай гэсэн оноштой байсан. Одоогоор биеийн байдал нь сайжирч байна. Ерөнхийдөө манай эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 75 хүний 20 нь элэгний хавдартай гэсэн оноштой, тэдэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Эдгээр хүмүүст хавдрын дахилт илрээгүй, эрүүл саруул амьдарч байгаа юм. Улсын төсвөөс элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг бүрэн даадаг болсонд талархаж байна. Гэхдээ цаашид цусны бүлэг тохироогүй мэс заслын төлбөрийг улсын төсөвт суулгахыг хүсч байна” гэлээ.

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар 54 настай Э гэх эмэгтэйд охиноос нь цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийсэн нь энэ аж. Өнөөдрийн байдлаар ээж, охин хоёрын биеийн байдал сайжирч байгаа аж. Мөн амьдрах чадварын тухайд тухайн өвчтөн маш сайн гам барьж чадвал 15-20 жил ч болно гэж УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар хэллээ.

Тэрбээр “Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс анх удаа хийлээ. Амьдрах чадварын хувьд дэлхийд 25-30 жил байдаг. Манай улсад анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүмүүс одоо амьд сэрүүн, эрүүл саруул амьдарч байгаа юм. Цаашид хэчнээн ч жил амьдрах боломжтой. Элэгний хавдартай байгаад энэ төрлийн хагалгаанд орсон хоёр эмэгтэй гэхэд дахин төрж, хүүхэдтэй болсон гэх мэт сайхан жишээнүүд ч бий. Энэ төрлийн мэс засал иргэдэд ч бас их ач холбогдолтой. Одоогоор элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 50 орчим хүн байна” гэлээ.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2011 оны есдүгээр сарын 24-нд БНСУ-ын Асан Анагаах ухааны төв эмнэлэгтэй хамтран анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг 45 настай эмэгтэйд хийжээ. Үүнээс хойш нийт 75 хүнд энэ төрлийн мэс заслыг амжилттай хийж, амьдрал хайрласан байна. Эдгээрээс хоёр тохиолдолд тархины үхэлтэй донороос дөрвөн хүүхдэд, 69-д нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ. Цусны бүлэг нь тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс амжилттай нэвтрүүлсэн нь энэ юм.

Энэ төрлийн мэс заслыг элэг болон бөөрнөөс шилжүүлэн суулгаж хийх боломжтой аж. Харин зүрх болон нойр булчирхайг шилжүүлэн суулгах боломжгүй юм байна. Учир нь цусны бүлэг нь тохироогүй донорын хувьд зөвхөн амьд хүнээс хийх боломжтой тул зүрх болон нойр булчирхайд тохиромжгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж