Үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ.
Тус барилдааны дөрвийн даваанд Ховд аймгийн харьяат, улсын харцага Б.Бат-Өлзийг аймгийн арслан Э.Сумъяабат давж, шөвгийн 16-д үлдсэн юм. Б.Бат-Өлзий харцага Э.Сумъяабатыг өшиглөхийг завдсан үйлдэл гаргасан. Бөхийн холбооноос дэвжээн дээр зохисгүй үйлдэл гаргасан Б.Бат-Өлзий харцагыг шийтгэхдээ давааны мөнгийг нь өгөлгүй хурааж авсан байна. Харин дахин зохисгүй үйлдэл гаргавал барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргахыг сануулжээ.
Булган аймгаас төрөн гарч байгаа аймгийн арслан Э.Сумъяабат нэгийн даваанд аймгийн начин С.Доёддоржийг, хоёрын даваанд аймгийн арслан Х.Батбаярыг, гурвын даваанд аймгийн арслан Н.Мустафагийг, дөрвийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж, тавын даваанд улсын харцага Н.Бадарчид унасан билээ.