Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.05.06) хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ.

УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг батлан гаргасан.

Гэвч манай улсад сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг, бага насны хүүхэд элдэв гэмт хэргийн хохирогч, золиос болох, амь насыг хөнөөх, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх зэргээр хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна. 2018 оны байдлаар нийт 34 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноос дийлэнх нь төрсөн эцэг, хойт эцэг, хамаатан садан, эцэг эхийн найзуудад хүчирхийлүүлсэн байна. Үүнээс үзвэл хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөх нь их байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгаа гаргажээ. Үүний 12 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхад дөнгөж гуравны нэг нь л хуулийн байгууллагаар шалгагддаг байна. Тус байгууллагын өөр нэгэн судалгаагаар хүүхдэд ээлтэй дэлхийн улсуудыг жагсаахад манай улс Пакистан, Бүгд Найрамдах Мозамбик Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нарын хамтаар сүүлийн байрыг эзэлсэн байна. Мөн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн мөлжлөгийн үзүүлэлтээр ч сүүлийн байрт орсоор ирснийг гишүүд хэллээ.

Иймд хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээний талаар Нийтийн сонсголыг яаралтай зохион байгуулах, сонсголоос гарах санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, бодлогын баримт бичгүүдэд тусгуулах шаардлагын үүднээс уг албан бичгийг өргөн барьжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж