Азийн залуучууд Монголд хөрөнгө оруулах талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Азийн залуучууд Монголд хөрөнгө оруулах талаар хэлэлцэв

Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар Ерөнхий ассемблей энэ сарын 18-21-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулганы хүрээнд өнөөдөр Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын форум зохион байгуулагдаж байгаа юм. Одоо Чингис хаан зочид буудлын хурлын танхимд хэлэлцэгдэж буй уг форумд гадаад, дотоодын нийлсэн 200 орчим бизнес эрхлэгч залуучууд оролцож байна.  Бизнес эрхлэгч залуучууд Ази, тэр дундаа Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэж байгаа юм.

Форумыг нээж Хөрөнгө оруулалтын газрын "Сурталчилгаа зөвлөх үйлчилгээний хэлтэс"-ийн дарга Д.Ирмүүн "Монголд бизнес эрхлэх боломжууд ба хамтын ажиллагаа" сэдвээр, АЙЭСЭК Олон улсын оюутны байгууллагын технологи хариуцсан ахлах ажилтан бөгөөд дижитал маркетингийн олон улс дахь Дэд Ерөнхийлөгч Гордон Чинг "Азийн зах зээл дэх бизнесийн стратегийн ба инноваци" сэдвээр тус тус илтгэл тавилаа. Мөн бизнес эрхлэгч залуус банк санхүү, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал, барилга, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр зэрэг найман салбарын бизнес хөгжил, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн дүнд Азийн бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бизнесийн стратегиудыг өөрийн улсын залуу бизнес эрхлэгчдийн өмнө нээж өгөх, бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоог хөгжүүлэх сүлжээ үүсгэх, мэдлэгэ туршлага солилцох, чадамжийг нэмэгдүүлэх, Монголын зах зээлийн өнөөгийн байдал, бизнес боломжууд болон залуу бизнес эрхлэгчдийн төслүүдийг танилцуулах юм.  Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар Ерөнхий ассемблейг Засгийн газар, Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын яам, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж