Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын удирдлагууд Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн систем, Ebarimt 2.0 хувилбарын талаар өнөөдөр /2019.05.06/ танилцуулга мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал татварын багц хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг баталсан.
Дээрх хуулиуд хэрэгжсэнээр татвар төлөгчдийн төлөх татварын хэмжээ буурч, татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээ нэвтрүүлсэн гэж үзэж болно. Дээр дурдсанчлан хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчдийн төлөх татварын хэмжээ буурна.
Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4% нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байсан байна. Тэгэхээр манай нийт ААНОАТ төлөгчдийн 96.6% нэг хувиар албан татвар төлөх болж байна. Олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж төлөөд, дараа нь буцаан авах тогтолцоог бүх татвар төлөгчид нэвтрүүлэхэд хүндрэлтэй гэж үзсэн учраас зөвхөн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 90% хувийг буцаан авах замаар нэг хувиар албан татвар төлнө.
Бусад 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчийн хувьд шууд нэг хувиар албан татвар төлнө. 2018 онд татвар төлсөн дүнгээс тооцоолол хийж үзвэл, ийнхүү нэг хувиар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25%-иар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго гурван тэрбум байсныг зургаан тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчид үлдэж, энэ хэмжээгээр төлөх татварын хэмжээ буурах юм.
Мөн эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг нэвтрүүлэх асуудлыг хуульчилж өгсөн. Ингэснээр зөвхөн эрсдэлтэй гэж үзсэн татвар төлөгчийн тайлагнал үнэн зөв эсэхийг тогтоох татварын хяналт шалгалт хийнэ. Харин эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй. Түүнчлэн татвар төлөгчид хийсэн татварын хяналт шалгалтын дүнд шийтгэлийн хуудас биш татварын нөхөн ногдуулалтын акт бичдэг болсон нь татвар төлөгчийн дутуу тайлагнасан албан татварын зөрчлийг прокурорын байгууллага хянахгүй, зөвхөн татварын байгууллага шийдвэрлэдэг болж байна.
МОНГОЛ УЛС ТАТВАР ТӨЛӨХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР 190 УЛСААС 61-Д ОРЖ БАЙНА
Түүнчлэн татварын маргаан таслах зөвлөл хоёр шатлалтай байсныг цөөрүүлж, нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байсныг бууруулж дөрвөн жил болгосон, татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болгож нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгч таны эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн хоёр дахь шатны шинэчлэлд тусгасан.
Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд дөрвөн удаа татварын тайлан тушаадаг байсан бол жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд хоёр удаа, харин бичил татвар төлөгчид жилд нэг удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдэж байна.
Дэлхийн банкнаас Doing business буюу “Бизнес эрхлэхүй” тайланг жил бүр гаргадаг бөгөөд дэлхийн улс орнуудын хаана нь бизнес эрхлэхэд илүү таатай орчин байгаа талаарх судалгааны дүнг танилцуулдаг. 2019 оны тайлангаар Монгол Улс нь судалгаанд хамрагдсан 190 улсаас 74-рт жагсаж байна. Энэхүү тайланд компани байгуулах, барилгын тусгай зөвшөөрөл авах, цахилгаанд холбогдох гэх мэт арван төрлийн асуудлаар бизнес эрхлэхэд хялбар байгааг үнэлдэг нэг үзүүлэлт нь татвар төлөх асуудал байдаг.
Монгол Улсын хувьд татвар төлөх үзүүлэлтээр 190 улсаас 61-д орж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/, Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/ гэсэн гурван гол төрлийн албан татварын тайлан бэлтгэх, тайлагнах, төлөхөд ихээхэн цаг хугацаа шаарддаг гэсэн үнэлгээг бууруулж чадвал бизнес эрхлэх орчин сайжирч, эзлэх байр урагшлах боломжтой. Энэ үзүүлэлтийг сайжруулах зорилгоор татварын алба нь ААНОАТ, ХХОАТ, НӨАТ тайлангаар ногдуулсан албан татвараа гурван тусдаа гүйлгээгээр, гурван тусдаа дансанд хийдэг байсныг болиулж, цахим нэхэмжлэхэд суурилсан төлбөр төлөх тогтолцоог нэвтрүүлснээр гурав биш нэг удаа төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлж эхлээд байна.
2016 онд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж, цахим төлбөрийн баримт буюу и баримтын систем нэвтрүүлснээр 807,270 татвар төлөгч иргэн уг системд төлбөрийн баримт бүртгүүлэн, сугалаанд хамрагдаж, НӨАТ-ын урамшууллыг авахдаа татварын албатай 100 хувь цахимаар харилцдаг болсон нь иргэн, татварын алба хоёрын цахим харилцааны том суурь болсон. Гуравдугаар сарын 1-нээс арилжааны 14 банк тус бүрт татварын орлогыг төвлөрүүлдэг 20-45 дансыг хааж, Төрийн санд төсвийн ангилал, татварын төрлөөр татварын орлогын 5137 дансыг нээж, татварын орлогын нэгдсэн дансны тогтолцоог хэрэгжүүлэн нэхэмжлэлд суурилсан татварын цахим төлөлтийн системийг иж бүрнээр нэвтрүүлсэн. Ингэснээр татвар төлөгч нь татварын албанд ирэхгүйгээр татварын үйлчилгээг цахимаар авах, татварын ил тод байдлыг хангах, татвар төлөгчийн өөрийн мэдээллийг бүрэн харах, хянах боломжийг бүрдүүлэх ажлын эхлэл тавигдлаа" гэв.
И БАРИМТЫН 2.0 ШИНЭЧЛЭЛ: БАРИМТ ТУС БҮРИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ ХАРДАГ БОЛНО
И баримтын 2.0 шинэчлэлийн талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр “И баримтын 2.0 шинэчлэл өнөөдөр нээлтээ хийж байна. Цаашид гурван удаагийн шинэчлэлийг 7, 9, 12 сар хийнэ. 2020 оны нэгдүгээр сар гэхэд татварын нэгдсэн систем, татварын удирдлагын нэгдсэн системтэйгээ /ТУНС/ давхар бүрэн шинэчлэгдэнэ. Системийн шинэчлэлтийн хувьд гурван асуудлыг онцгойлон үзсэн. Хэрэглэгчийн бүртгэл, төлбөрийн баримт баталгаажихгүй байгаа, сугалаа болон буцаан олголтын урамшууллаа буцааж авах асуудлуудад дээр иргэдээс хамгийн их гомдол санал ирдэг байсан. Дээрх гурван чиглэлээр системийн шинэчлэлт хийсэн. Системийн сайжруулалтыг цогцоор нь хийж байна.
Дизайны хувьд бүрэн өөрчлөгдсөн. Иргэдэд мэдээллийг мессэжээр хүргэдэг байсан бол одоо “Notification” хэлбэрээр өгдөг болно. Хамгийн том өөрчлөлт нь татварын албатай холбоотой санал хүсэлтийг цахимаар авдаг болж байна. Баримт тус бүр дээр тухайн баримтын дүнг харуулдаг болсон. Ингэснээр иргэд хэдэн төгрөгийн буцаан олголт авснаа харах боломжтой.
ТУНС-ийн хувьд шинээр батлагдсан татварын шинэ хууль, журам, зааврын дагуу нэмэлт хөгжүүлэлтийг аравдугаар сарын 1, системийн туршилт сайжруулалтыг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр дуусган 2020 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд ТУНС-ийг бүрэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү систем бүрэн нэвтэрснээр татвар төлөгч нь татвар төлсөн тодорхойлолт, санал, гомдол гаргах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжоор хангагдана. ТУНС-ийг нэвтрүүлэх эхний шатанд нийт 24 модулиас татварын бүртгэл, тайлан боловсруулалт, татварын орлогын бүртгэл, татварын тооцоолол, өр барагдуулах зэрэг таван модулийг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглаж байна. Зөвхөн эдгээр таван модулийг нэвтрүүлснээр жилд 22.6 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэх тооцоотой байна” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ