Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 4, 5-нд нийт 494 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 335 дуудлага, мэдээллийг шалгах ажиллагаа явуулжээ.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт бүртгэгдсэн хоёр ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, тавдугаар сарын 4-ний өдөр шөнийн 03 цагийн орчим Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Чингэлтэй өргөн чөлөө, 17-ын зүүн замд T.Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч 34 настай Ш-г мөргөж, амь насыг нь хохироожээ. Мөн маргааш нь 21 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын нутаг “Хар үзүүр” гэх газар асфальтан замд Istana маркийн автомашины жолооч нь "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч, 44 настай Ц-ийн амь нас хохирсон зэрэг хэргүүдийг харъяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн нутаг Төмөр замын 202-р километрийн гарам дээр ачааны галт тэрэг зорчих үед "Mazda.Tribute" маркийн автомашин хаалт дотор орж зогсоод, хаалт хугалсан зөрчил бүртгэгджээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ