Нийслэлийнхэнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхэнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр боллоо

Нийслэлийнхэнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр боллоо

Нийслэлийн иргэдэд хороогоор нь дамжуулан хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2019.5.6/ боллоо.

Улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн 68 хувь нь нийслэлд үйлдэгддэг байна. Мөн нийслэлд үйлдэгдэж буй 10 гэмт хэргийн зургаа нь өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг, гурав нь хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байгаа юм. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 57 хувь нь ажилгүй иргэд байдаг аж. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Тус үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Нээлтэд дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, нийслэлийн 152 хорооны Засаг дарга нар, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид оролцсон юм. Нээлтийн үер холбогдох мэргэжилтнүүдээс үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тодрууллаа.

ЭНЭ ЖИЛИЙГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарын бичгийн дарга Б.Батбямба


-Монгол Улс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 1997 оноос мөрдөж эхэлсэн. Энэ хүрээнд нийслэлийн иргэдэд хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил зохион байгуулах үүрэгтэй байгууллагын нэг нь НИТХ. НИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс иргэдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой ажил хийж байгаагийн нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй энэ үйл ажиллагаа.

Үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн бүх дүүрэг, хороон дээр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөх юм. Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ.

ХУУЛИЙН 103-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮЗҮҮЛНЭ

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар


-Танай холбоо төрийн байгууллагатай хамтран олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ удаагийн үйл ажиллагааны онцлог юу вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш. Төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал. Хамтын хүчин чармайлтын үр дүнд гэмт хэрэг, зөрчил буурна. Энэ удаагийн хамтын ажиллагаанд олон онцлог бий. Тухайлбал, анхан шатны нэгж буюу уулын мухарт, хотын захад байгаа иргэдэд зориулан мэргэжлийн өмгөөлөгч газар дээр нь очиж, өмгөөлөл үзүүлж байгаагаараа онцлог. Хоёрт, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэхээс гадна шинээр гарч буй хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Гуравт, эрх нь зөрчигдсөн хүнд анхан шатны зөвлөгөө өгч байгаа. Зүйрлэвэл, 103-ын үйл ажиллагаа үзүүлнэ. Хүн бие нь муудахад 103 дуудаж, эрүүл мэндийн үйлчилгээ авдагтай адил.

-Өмгөөлөгчид хүрэлцээтэй байж чадах уу?

-Манай холбоонд харьяалалтай 1500 өмгөөлөгч бий. Бидний тооцоолж байгаагаар есөн дүүргийн 152 хороонд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч оролцох юм. Нэг хороонд хоёроос дээш өмгөөлөгч ажиллуулахаар төлөвлөж байна.

-Үр дүнг хэрхэн дүгнэх вэ?

-Бид зөвлөгөө өгсөн байдлаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд сар бүр тайлагнана. Тайлангаас үр дүнг тодорхойлж анхаарах зүйл байвал бататгаад явах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж