Вакцинжуулалт 30 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Вакцинжуулалт 30 хувьтай байна

Арав гаруй жилийн хугацаанд бүртгэгдэлгүй намжаад байсан улаанбурхан өвчин өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Монгол Улсад дэгдэж бага насны хүүхдүүд төдийгүй оюутан залуус энэхүү халдвараар цөөнгүй өвчилж эхэлсэн. Энэ удаагийн вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир нь өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч энэ өвчний халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс өвчний тархалтыг зогсоох үүднээс энэ сарын 15-наас 25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн бага насны хүүхдүүдэд дархлаажуулалт хийж эхэлсэн. “Нийслэлийн хэмжээнд 170 мянган хүүхдэд вакцин хийлгэхээс өнөөдрийн байдлаар 30 хувьд урьдчилан сэргийлэх вакцин хийгээд байна. Нэг хайрцаг вакцинд 10 тун байдаг бөгөөд задалснаас хойш  зургаан цагийн дотор тарих ёстой. Өнөөдрийн байдлаар нийт цэцэрлэг болоод өрхийн эмнэлэгүүдэд вакцинжуулалт маш эрчимтэй, ямар нэгэн саадгүй хийгдэж байгаа” гэх мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сургалт, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан өглөө.

Дашрамд, энэ удаагийн дархлаажуулалтад өмнө нь улаанбурханы вакцин тариулсан эсэхээс үл хамаарч зургаан сартайгаас таван нас 11 сартай бүх хүүхдийг хамруулж байгаа юм. Ингэхдээ бүхий л цэцэрлэг, харъяа өрхийн эмнэлгүүдээр вакциныг хийж байгаа бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон “Эх үрсийн эрүүл мэндийн дэвтэр” гэх ягаан дэвтрийг бүрдүүлэн хандах шаардлагатай юм. Мөн хүүхдээ цэцэрлэгтээ вакцин хийлгэсэн эсэхийг мэдэлгүй дахин вакцинд хамруулах вий гэсэн болгоомжлол эцэг эхчүүдэд багагүй байгаа учраас вакцин хийсэн хүүхдийн хуруун дээр хэдэн өдөртөө арилахгүй тэмдэглэгээ хийж өгч байгаа гэнэ. 

Сүүлийн нэгээс хоёр сарын дотор улаанбурхан өвчнөөр өвчилсөн, халуурч байгаа хүүхдүүдэд улаанбурхан өвчний вакциныг тариулж болохгүй гэдгийг эмч нар анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж