-Эдийн засаг хүнд байгаа үед ийм хэмжээний мөнгийг гаргаад санал асуулга явуулах чадал Засгийн газарт байгаа болов уу-
Тавантолгой, Оюутолгойн дуулианд дарагдчихаад байгаа болохоос улс төрийн хүрээнд багагүй хэрүүл тарьж болзошгүй нэг сэдэв бол сонгуулийн тогтолцоо. Хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор намууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх болсоор удаж байгаа юм. Ардчилсан нам одоогийн байгаа 28:48 гэсэн холимог системээр сонгууль явуулах сонирхолтой байгаа нь намын даргынх нь байр сууринаас тодорхой харагдаж байна. Тодруулбал, тус намын дарга З.Энхболд нэг бус удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар илэрхийлсэн бол Ардын намын дарга М.Энхболд нэг тойрог-нэг мандат гэсэн жижиг тойргоор сонгуулийг явуулах хатуу байр сууриа хамгаалсаар байгаа юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сарын 13-нд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн билээ.
Харин энэхүү тогтоолын төслийн талаар өмнө нь З.Энхболд “Сонгуулийн тогтолцоог ард түмнээс асууя гэсэн тогтоолын төсөл өргөн барьсан байна. Би үүнийг мөнгөний гарз гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Монголын ард түмэнд жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг нь зургаан тэрбум төгрөгийн үнэтэй асуулт биш. Тэгвэл зургаан тэрбум төгрөг хаанаас олох юм. Монголын ард түмний тусгаар тогтнолтой тэнцэхээр том асуудал уу гэсэн асуулт гарч ирж байгаа. 1945 оны анхны ард нийтийн санал асуулгаас өөрөөр монголчууд санал асуулга явуулж байгаагүй. Дөрвөн жил тутам явдаг сонгууль нь өөрөө хамгийн том санал асуулга. Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Бидэнд Сонгуулийн тухай хууль байна. Харин тойргоо жижигрүүлэх үү, томруулах уу гэж асуудаг нь мөнгөний гарз. Түүний оронд сонгуульдаа шударга оролцдог, бага мөнгө зарцуулдаг ийм асуудлаар уралдахаас бус сонгуулийн тогтолцоо амин чухал асуудал биш” үзэж буйгаа сэтгүүчдэд илэрхийлсэн билээ.
Харин Ардын намын генсек Ж.Мөнхбат “Манай намын зүгээс сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авах шийдвэрийг гаргасан байгаа. Уг шийдвэрийг гаргахаас өмнө бид хөдөө орон нутгийн иргэд, сонгогч түмэнтэй уулзалт хийсэн. Уулзсан, ярилцсан иргэн бүхэн намын жагсаалтаар сонгогддог асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. Бид энэ асуудалд судалгааны байгууллагаар судалгаа хийлгэхэд, иргэдийн 93 хувь нь "намын нэрийн жагсаалтаар сонгогддог системийг тохирохгүй байна" гэсэн. Тиймээс иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлан УИХ-д ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Түүнээс биш бид ямар нэг байдлаар сонгуулийн шоу хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэж нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байв.
Ардын намыхан ард түмнээс сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэж санал асуусан тохиолдолд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдээлж байсан юм. Тэгвэл Ардын намаас өргөн барьсан тогтоолын төсөлд ард нийтийн санал асуулга явуулах зардлын төсвийн төслийг найман тэрбум гаруй байхаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Эдийн засаг хүнд байгаа үед ийм хэмжээний мөнгийг гаргаад санал асуулга явуулах чадал Засгийн газарт байгаа болов уу. Ингэхэд Ардын намынхан ард түмнийг тоо мэддэггүй гэж эндүүрээгүй байлтай.
Б.ХОНГОР