Хотын залуусыг малчны амьдралтай танилцахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Хотын залуусыг малчны амьдралтай танилцахыг уриаллаа

“Cool Mongolia” төслийн санаачлагчид өнөөдөр /2019.05.06/ мэдээлэл хийлээ. Төслийг санаачлагч Д.Уламбаяр “Өнгөрөгч оны аравдугаар сард “Сэтгэлтэй ажилтан” төслийн хүрээнд н.Тэнгис, н.Билгүүн гэсэн хоёр залуу Төв аймгийн Эрдэнэсант суманд бүтэн жил мал маллаад ирсэн. Тэд хөдөө өсөөгүй, нийслэл хотын унаган хүүхдүүд юм.

Бид нийслэл хотод амьдардаг, орон нутаг руу тэр бүр явж чаддаггүй хүүхдүүдийг хөдөө малчдын амьдрал, нүүдэл ахуйг таниулах зорилгоор 10-14 хоногийн хөдөлмөр зуслантай төстэй сургалт явуулна. Хотын залуус хөдөө орон нутаг руу тэр бүр яваад байх сонирхол байдаггүй. Хөдөө явж, мал аж ахуй, малчны амьдралтай танилцсанаар залуусын үзэл бодол, амьдралын хэв маяг өөрчлөгддөг.

Биднийг хүүхэд байхад хөдөлмөр зуслан гэж байдаг байлаа. Тэнд хүүхдүүд хонь ямаа хариулж, сүү цагаан идээ боловсруулж, үлгэр домог ярьж, зуслангаараа нүүж, зав чөлөөгөөр нь тоглон наадаж, хэд хоногийг дурсамж дүүрэн өнгөрүүлдэгсэн. Хөдөлмөр зусланд амарч үзсэн хүүхдүүд одоо цөм ээж, аавууд болсон биз. Ямар байдгийг нь мэднэ дээ. Одоо бидний хүүхдүүдэд яг ийм юм л дутаад байна.

Бид Увс, Архангай, Баян-Өлгий аймагт дээрх төслүүдээ хэрэгжүүлэхээр болж байна. Манай аялал маш холын аялал учраас 9-16 хүртэлх насны хүүхдүүдийг сургалтдаа урьж байна. Хүүхдүүд хөдөө очсоноор үзэсгэлэнт газруудыг үзээд зогсохгүй өвөл ханиад томуунаас сэргийлж, дархлаа сайжирна. Бид даатгалын компанитай гэрээ хийсэн учраас эцэг эхчүүд хүүхдэдээ санаа зовохгүй байж болох юм.

Улаанбаатар хотын эцэг эхчүүд агаар, орчны бохирдол гэж ярьж байгаа ч хүүхдүүдийнхээ төлөө яагаад бодитой зүйл хийж болохгүй гэж. Зуны хугацаа бол хүүхэд өсч хөгжих, эрүүл чийрэг болох хугацаа байдаг. Бид хүүхдүүдэд зориулж, хөдөө малчин айлуудад сургалтын бааз байгуулан ажиллах юм. Мөн бидний санаачилсан төслийг хамтарч ажиллахыг хүсч байна” гэлээ.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж