БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан билээ. Энэ гэрээний эхний шатны хэрэгжилт болгож дундаас дээш хүчин чадалтай буюу 125-165 морины хүчтэй 132 трактор, 90 чиргүүл, үр тариаланы 48 комбайн эзэндээ очиход бэлэн болжээ. ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдөр хамгийн эхний найман дунд шатны тракторыг өнөөдөр аж ахуй нэгжүүдэд хүлээлгэн өглөө.
Эдгээр техникийг бүрэн хүлээлгэн өгснөөр 15 мянган га талбайд үр тариа хураах, 28 мянган га-д уринш боовсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэнэ гэсэн үг. Мөн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар тус тус нэмэгдэх юм.
Урд хөршийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж байгаа техникийг авахыг хүссэн аж ахуй нэг эхний ээлжинд 20 хувийн урьдчилгаа төлөх бөгөөд үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд жилийн хоёр хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх учиртай юм. Энэ төсөл хэрэгжсэнээр манай орны тариалангийн салбарын түвшинг тогтворжуулах, тариаланчдийн техник хангамжийг нэмэгдүүлэх сайн талтай аж.
Л.ХАЛИУ