Сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралттай тусламжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв болон үүрэн холбооны операторуудтай хамтран хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж 101, 102, 103, 105 утасны дугаарт мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэлжээ. ХАХНХ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шуурхай мэдээллийн төв болон үүрэн телефоны операторууд хамтран ажилласны үр дүнд Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл компанийн хэрэглэгчид Шуурхай мэдээллийн төвд мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах боломжтой болоод байна. "Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга тэгрүүн комиссар Р.Чингис, Монголын дүлий иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар гарын үсэг зурлаа.
Б.ЗУЛ