"Б.Ундармаа охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

"Б.Ундармаа охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна"

Манай улсад хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж, гэмт хэргийн золиос болж байгаатай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран “Хүүхэд хамгаалагч” төслийг тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд  ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаантай ярилцлаа.


Image may contain: Даваасамбуу Будзаан

-“Хүүхэд хамгаалагч төсөл” энэ оноос хэрэгжиж эхэлжээ. Энэ төслийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн улс орнууд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дөрвөн төрлийн чиг хандлага барьж ажиллаж байна. Нэгдүгээрт, иргэдийн оролцоог түшиглэсэн, хоёрдугаарт, хүүхдэд багаас нь эрх зүйн мэдлэг олгох, гуравдугаарт, техник технологийн дэвшил, дөрөвдүгээрт инновацийг гэмт хэрэгтэй урьдчилан сэргийлэх ажилд ашигладаг. Бид эдгээр аргуудаас санаа авч байгаа ч нийтдээ дээрх аргыг зуун хувь гэж үзэх юм бол манай улсад 20 хувийг л ашиглаж байгаа. Иргэдийн оролцоонд түшиглэсэн урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлага бидэнд тулгарч буй.

Иймээс бид 2018 онд “Хүүхэд хамгаалагч” төслийг бичиж, өнгөрөгч онд Сонгинохайрхан, Баянзүрх хоёр хороонд туршилтаар хэрэгжүүлсэн. Тухайн үед хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурч иргэдийн оролцоо нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Бид энэ төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Хөдөлмөр нийгмийн яаманд танилцуулаад, энэ оноос улсын хэмжээнд хэрэгжиж байгаа. Одоо нийслэлийн 152 хороо, 21 аймгийн төвүүдэд хүүхэд хамгаалагч төсөл хэрэгжиж байна.

Уг төсөл нь 194 хүүхэд хамгаалагч буюу ахмад настанд урамшуулал цалин олгож иргэдэд, эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх зорилготой. Ингэхдээ ахмад настнууд маань ахмад настны хөдөлмөр эрхлэх сангаас тодорхой цалин авч, иргэдэд мэдээлэл хүргэж ажиллана. Өөрөөр хэлбэл, гудамж талбай олон нийтийн газар ажиллаж, тухайн хорооны айл өрхүүдэд хүүхдийн эрх үүрэг, төрөөс явуулж буй бодлого, мэдээллийг түгээнэ. Мөн тухайн сум, баг, хороонд хэдэн эмзэг цэг байна. Тэр цэгүүдэд иргэдийн оролцоотой урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах юм.

-Ер нь жилд дунджаар хэчнээн хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна вэ?

-Улсын хэмжээнд жилд дунджаар 1500-2000 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар 4000 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон. Үүний цаад шалтаан нь эцэг эхийн хайр халамж дутмаг, хүүхдээ үл хайхарсан, үл тоосон, бага насны хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулаагүй гэх мэт асуудлууд байдаг. Хүүхдийн эрх хаана зөрчигддөг вэ гэвэл гудамж талбайд 30 хувь, гэр орон сууцанд 70 зөрчигддөг гэсэн судалгаа байгаа. Тухайлбал, нэгдүгээрт эцэг эхийн үүрэг оролцоо, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хоёрдугаарт хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс учир цахим тоглоомын газар, сургуулийн ойр орчимд гар утсаа алдах, дээрэмдүүлэх гэх мэтээр гэмт хэргийн хохирогч болж байна. Гэхдээ нөгөө талдаа эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал яригдана.

Сүүлийн үед бага насны хүүхдүүд орон нутагт сураггүй алга болж байна. Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүүхдийг хайж байгаа вэ? Хамгийн сүүлд Сэлэнгэ аймагт Б.Ундармаа охин алга болсон. Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юу?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18 хүүхдийг эрэн хайж байна. Хүүхэд алга болж буй нь таван шалтгаантай байдаг. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэлтэй, хүүхдийг зодож гэмтээснээр тухайн хүүхэд гэр орноосоо дайжих, хоёрдугаарт, цахим тоглоомд донтох, гуравдугаарт үр хүүхдээ үл хайхардаг байдлаас болж тухайн хүүхэд төөрч, осолдох, дөрөвдүгээрт орон нутгийн иргэд малдаа хүүхэд явуулдагаас болоод төөрөх, тавдугаарт, бага насны хүүхэдтэй айл голын эрэг дагуу нутагладаг. Үүнээс тухайн айлын бага насны хүүхэд голд орж, живж нас барах тохиолдол байдаг.

Хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд есөн настай Б.Ундармаа охин гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад алга болсон. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Охины эрлийн ажиллагаа зогсоогүй, үргэлжилж буй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг хүчирхийлээд цогцсыг нь булсан гэдэг мэдээлэл цацагдсан ч энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй. Өнөөдрийн байдлаар нутгийн иргэд болоод цагдаагийн байгууллагын нийлсэн 200 хүн хүч нэмэгдүүлэн охиныг хайж байна.

-Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд гарч байна. Гэмт этгээдүүдэд ямар ял шийтгэл оноодог юм бол. Нөгөө талдаа эцэг эхийн үүрэг хариуцлага яригдах байх?

-Өнгөрсөн оны тоо баримтаас харахад 238 хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 12 жил ба бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг ял шийтгэл нь өндөр байдаг. Тэгэхээр энэ гэмт хэргийг үйлдсэн этгээд ямар нэгэн байдлаар би баригдахгүй, хүүхэд миний эрхшээлд байгаа болохоор хэмээн найддаг. Энэ гэмт хэргүүд ерөнхийдөө зуун хувь илэрсэн байдаг. Өнөөдөр биш гэхэд маргааш нөгөөдөр магадгүй жилийн дараа заавал илэрдэг. Гэмт этгээдүүд хуулийн өмнө хариуцлага хүлээх нь цаг хугацааны асуудал юм.

-Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар алдаа дутагдал гаргаж байна вэ. Түүнээс болоод хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна уу?

-Хүүхэд хамгааллын асуудалд хамгийн их үүрэг хүлээдэг хүн бол эцэг эх. Та хүүхдээ аливаа болзошгүй эрсдэл хүчин зүйлээс хамгаална хэмээн үүрэг хүлээсэн. Тэгтэл хүүхэд гэр бүлийн орчиндоо эрсдэлд учирч, гэмт хэргийн хохирогч болж байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн орчинд хүчирхийлүүлэх, амь насаа алдсан харамсалтай хэргүүд зөвхөн гэр бүлийн орчинд гарах боллоо. Хүүхдээ хамгаалах хамгийн номер нэг хүн бол та. Бид зөвхөн ээж, аав гэж дуудуулаад “ээж, аав” болчихдоггүй. Эцэг, эх хүн ямар байх ёстой гэдэг мөн чанарыг олох хэрэгтэй байх. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулахын тулд энэ сард “Зөв тусгал” аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд бид 1500 гаруй мэдээ мэдээлэл, ном товхимол, зураг, ардын уламжлалт хүмүүжлийн арга ухааныг судалж үзлээ. Эндээс харахад эцэг эхчүүд хүүхдээ ойлгодоггүй хүүхэдтэйгээ ярилцдаггүй үл тоодог асуудал нийгэмд байна. Хүүхдийг бага насанд нь үл тоож, хайхрамжгүй хандсанаар хүүхэд өсвөр насандаа эцэг эхтэйгээ ярилцахаа больдог. Харин эцэг эхчүүд “Би эцэг чинь байна, би эх чинь байна” гээд зөрчилдөөн үүсдэг. Нэг талдаа ийм зүйл яригддаг боловч эсрэгээрээ хүчирхийлэлд дунд өссөн хүүхэд насанд хүрээд ирэхээр эцэг эхээ үл тоох, тэднийг үл хайрлах асуудал байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд хорт зуршилт автах, гэмт хэргийн хохирогч болох магадлал байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд бол хүүхдийн толь юм. Хүүхдийг хэрхэн яаж хүмүүжүүлснээс шалтгаалж зөв хүн болж төлөвшинө.

-Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулахын тулд энэ сард “Зөв тусгал” аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд ямар ажлыг зохион байгуулах вэ?

-Цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгаалах чиглэлээр олон ажил хийж байна. Мөн иргэний нийгмийн байгууллага болон Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Хууль зүйн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран энэхүү аяныг зохион байгуулж байна. Эцэг эх ямар байна, хүүхэд түүний тусгал хүүхдүүд байдаг. Нийгэм ямар байна хүүхдүүд мөн адил түүний тусгал байдаг. Тэгэхээр хүүхдийн өмнө ёс зүйгүй үйлдэл битгий гаргаарай. Хараалын үг битгий хэлээрэй, тэдний өмнө бүү архидан согтуураарай. Аливаа үйлдэл, эргээд харахад зөв тусгал болох үүднээс эцэг эхийн үүрэг хариуцлага хүмүүжил төлөвшлийн хүрээнд энэ аяныг санаачилсан. Энэ аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд бид гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжил төлөвшил, эцэг эхийн үүрэг хариуцлагын талаар мэдээ мэдээллийг хүргэж иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах юм. Иймээс та бүхнийг энэхүү, аян арга хэмжээг дэмжиж ажиллахыг хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж