Дональд Трамп Хятадыг татвараар дахин сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Дональд Трамп Хятадыг татвараар дахин сүрдүүлэв

Дональд Трамп Хятадыг татвараар дахин сүрдүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийж буй худалдааны хэлэлцээ хэтэрхий удаашралтай байгааг шүүмжлээд, өмнө нь хоёр ч удаа хойшлуудаад байсан Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар нэмэх асуудлыг удахгүй ажил хэрэг болгоно хэмээн анхааруулжээ. Түүний хэлснээр одоо 10 хувийн татвартай байгаа 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний гаалийн татварыг 25 хувь болгож нэмэгдүүлэх, мөн АНУ-руу огт татваргүй нэвтэрч буй 325 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд шууд 25 хувийн гаалийн татвар ногдуулж магадгүй байна.

Тэрбээр “АНУ болон БНХАУ хоорондын худалдааны хэлэлцээ үргэлжилж байна. Гэхдээ маш удаашралтай байна. Ийм байж болохгүй. Хятад улс 10 сарын турш 200 тэрбумын бараа бүтээгдэхүүндээ дөнгөж 10 хувийн татвар төлнө. Энэ тоо удахгүй 25 хувь болох болно. Мөн өөр 325 тэрбумын бараа бүтээгдэхүүнд ч адил татвар ногдуулах болно. Ингэж татварыг нэмснээр АНУ-ын эдийн засагт нээх чөдөр тушаа болохгүй. Харин Хятадын тал л хэцүүхэн байдалд орно” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.

Хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдсэнээс хойш Дональд Трамп Хятадад боломж олгож дээрх татварын нэмэгдлийг хоёр ч удаа хойшлуулсан байдаг. Гэсэн ч энэ удаад ийнхүү мэдэгдэл гаргасан нь Хятадыг хэлэлцээнд идэвхтэй хандахыг анхааруулсан эсвэл хятадын хойрго байдалд үнэхээр тэвчээр нь алдагдсан байх талтай юм. Ямартай ч дээрх мэдэгдэл биеллээ олбол эм, эмийн бүтээгдэхүүн,барилгын материал, гэр ахуйн бараанаас эхлээд Хятад улсад үйлдвэрлэгдсэн 5,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татвар нэмэгдэх ажээ. Хэдий Дональд Трамп Хятадын бүтээгдэхүүний татварыг нэмснээр АНУ-д тэгж их нөлөөлөхгүй гэж байгаа ч АНУ-ын болон олон улсын томоохон пүүс компаниуд өмнөх татварын нэмэгдлүүд сайн нөлөө үзүүлээгүй гэдгийг батлаад байгаа бол Олон улсын валютын сангаас АНУ-Хятадын худалдааны маргаан дэлхийн эдийн засгийг сулруулж байна гэж анхааруулсаар байгаа.

ЭДИЙН ЗАСАГЧИД ЮУ ХЭЛЭВ?

Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кадлов: Ерөнхийлөгч Дональд Трампын энэ удаагийн мэдэгдлийг зүгээр л Хятадад сануулга өгч буй явдал гэж ойлгож байна. Өмнө нь ч бас тэр ийм мэдэгдэл гаргаад Хятадыг яриа хэлэлцээнд идэвхтэй оролцохыг сануулж байсан шүү дээ.

Дональд Трампын албан бус худалдааны зөвлөх Майкл Пиллсбури:  Би Цагаан ордны эдийн засгийн зөвлөх ноён Кадловын тайлбарт сэтгэл дундуур байна. Дональд Трампын мэдэгдлийг зүгээр л анхааруулга гэж байгаа нь удахгүй Хятад улсыг өөгшүүлж байгаатай адил сонсогдож байна. Ерөнхийлөгчийн мэдэгдэл анхааруулга биш, харин ч маш тодорхой, үнэ цэнэтэй мэдэгдэл гэж би бодож байна.

Блүүмбергийн ахлах эдийн засагч Том Орлик: Үнэндээ Ерөнхийлөгч Дональд Трампын энэ мэдэгдэлд нэмэлт тайлбар хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээлэлгүйгээр дээрх мэдэгдэлд дүн шинжилгээ хийхэд хэцүү байна. Магадгүй худалдааны хэлэлцээ дуусах шатандаа орж буй энэ цаг үед Хятадын талаас арай илүү хичээл зүтгэл гаргахыг шаардсан шаардлага ч байж болох юм. Гэхдээ эцёийн дүндээ энэ нь хоёр талд хоёуланд нь сөргөөр нөлөөлнө. Мэдээж бараа бүтээгдэхүүнийхээ татварыг нэмүүлэх нь Хятадад хохиролтой ч АНУ-ын хувьд Хятадаас бүтээгдэхүүн импортлодог аж ахуй нэгжүүд, хэрэглэгчдэд хүндээр тусна шүү дээ.

Хэрэглэгчдийн холбооны ерөнхийлөгч Гари Шапиро: Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх нь зөвхөн Хятадыг хохироор асуудал биш, эцсийн дүндээ энэ шийдвэр хэрэгжвэл хохирогч нь Хятадууд биш АНУ-ын хэрэглэгчид, жирийн татвар төлөгч иргэд байх болно.

ХУДАЛДААНЫ ДАЙН ЭХЛҮҮЛЭХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадууд олон мянган Америкчуудын ажлын байрыг булааж байна гэж үздэг. 2001-2015 оны хооронд АНУ-ын Хятадтай хийдэг худалдааны алдагдал 50-365 тэрбум доллар болж өссөн байна.

Зарим нэг тоо баримтуудад АНУ-д 2001 оноос хойш 57 мянган үйлдвэр хаалгаа барьж, 25 сая америкчууд боломжийн цалинтай ажлаар хангагдаж чадахгүй байна гэж бичсэн байна. "Тhink Тank Economic Policy Institute"-ийн гаргасан судалгаанд 2001-2011 оны хооронд АНУ-д Хятадын импорт нэмэгдсэнтэй холбоотойгоор 3,3 сая хүн ажилгүй болсон байна. Эдгээр хүмүүсийн гуравны нэг нь электроникийн салбарынхан байна.

Эдгээр тоо баримтаас харахад Трампын Хятадын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тавьж буй татвар зөв шийдвэр гэж харж болох ч ганцхан Хятадаас хамаарч Америкийн үйлдвэрлэлийн салбар уналтад орж байна гэвэл өрөөсгөл ойлголт юм. АНУ Азийн орнуудтай хийдэг худалдаанд алдагдал хүлээж эхэлсэн цаг хугацаа сүүлийн 30 жилээр хэмжигдэнэ. 1970, 1980-аад онуудад Япон, БНСУ, Тайвань тэргүүтэй орнууд өнөөдрийн Хятад шиг шүүмжлэлд өртөж байсан. Өнөөдөр Хятад, маргааш магадгүй Энэтхэг ч АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын уналтад нөлөөлсөн гэж хэлэгдэж мэдэх юм. БНХАУ сүүлийн 20 жилийн хугацаанд даяарчлалын ялагч орон болж хувирч байна. БНХАУ 2001 онд Олон улсын худалдааны байгууллагад элсэн орсноос хойш АНУ-д хилийн татварын онцгой нөхцөлтэйгөөр бараа бүтээгдэхүүнээ 3,4 хувийн татвартайгаар экспортлодог болсон. Жил бүр конгресс энэ хэмжээг тогтоодог ч төдийлөн нэмж байгаагүй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж